Таван шараас-Саппоро-Баянбүрдийн уулзвар хүртэл зэрэг найман байршилд дугуйн замтай болно


Улаанбаатар хотод 2020 онд хэрэгжүүлэх дугуйн зам байгуулах асуудлаар өнөөдөр нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нар өнөөдөр хуралдлаа.

Нийслэл хот одоогийн байдлаар 84.7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс нэмж найман байршилд 52.8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөжээ.

Байршлын хувьд:

  1. Таван шараас-Саппоро,
  2. Саппоро-Баянбүрдийн уулзвар,
  3. Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж,
  4. МУБИС-Зүүн дөрвөн зам,
  5. Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл,
  6. Туул голын арын далан дагуу,
  7. Налайхын зам дагуу,
  8. Богд уулын арын зам гэсэн маршрутаар хийгдэх аж.

Дугуйн зам байгуулахад дээрх байршлуудын ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөлт хийнэ

Энэ талаар Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа хэлэхдээ:

Улаанбаатар хотын барилгажилтын хэсгүүдэд босоо, хэвтээ тэнхлэгтэй дугуйн замын сүлжээтэй болж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр найман байршлын дугуйн зам байгуулах хөгжлийн болон мастер төлөвлөгөө батлагдсан. Дугуйн зам байгуулахад дээрх байршлуудад буй ТҮЦ-үүдийг хуулийн хүрээнд нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөлт хийгдэнэ. Дугуйн замууд нь стандартын дагуу тохижилттой, гэрэлтүүлэгтэй 1.5 км тутамд амрах талбайтай байхаар зураг төсөл хийгдэж дууссан. Одоо экспертээр орох ажил дутуу байна гэв.

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр:

Энэ жил Улаанбаатар хотод 9 зогсолт 14 ажил хийгдэх зуны засварын төлөвлөгөө гарсан байгаа. Дугуйн зам байгуулах зарим байршлуудад дулааны шугам сүлжээ таарсан байгаа тул ерөнхий трассыг нь дахиж нягтлах шаардлагатай байна, гэсэн юм.

 Дугуйн зам барих асуудлыг зургаадугаар сард дуусга

Харин Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дугуйн зам барих асуудлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-н гэхэд эхлүүлж зургаадугаар сард дуусгасан байх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Тэрбээр “Дугуйн замыг стандартын дагуу чанартай, хямд төсвөөр хийж дуусгах ёстой. Нийслэлийн удирдлагуудын зүгээс олон ажил санаачилж хэрэгжүүлэх шийдвэр гарч байхад дунд шатны байгууллагууд дээр гацаадаг байдлыг болих хэрэгтэй. Харьяа газар, хэлтсийн дарга нар эрхэлсэн ажилдаа эзэн болж, хуулийн хүрээнд хариуцлагатай ажилла” хэмээн онцолсон юм.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад дугуйн замыг стандартын дагуу хийгдэж байгаа, эсэхэд хяналт тавих, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад хуулийн дагуу газар чөлөөлөлт хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.

Түүнчлэн нутгийн захиргааны байгууллага хоорондын гарын үсгийг цахим хэлбэрт оруулж хэвшүүлэхийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх