Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбосон авто зам тавина


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагын хамтаар өчигдөр  /2020.03.03/ Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байр /автобус/-даа суун Хан-Уул дүүрэгт ажиллажээ.

ИРЭХ ТАВДУГААР САРД ДУГУЙН ЗАМЫГ ХИЙЖ ДУУСГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын далан барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж. Дугуйн замыг ашиглалтад оруулахад нэмж хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс дуулгасан юм. Хотын Захирагч шаардлагатай хөрөнгийн судалгааг яаралтай гаргаж танилцуулахыг холбогдох албаныханд даалгаад, ирэх 5 дугаар сард дугуйн замыг хийж дуусгахыг үүрэг болгов.

Улаанбаатар хотод нэмж найман байршилд дугуйн зам байгуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд төлөвлөгдөж байгаа хэд хэдэн байршлуудад газар дээр нь очиж нөхцөл байдлыг нь шалгажээ. Хотын Захирагч хэлэхдээ “Явган хүний замыг өргөтгөж дугуйн замтай болгох асуудлыг стандартын дагуу хийх ёстой. Зарим аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн талбайг хашиж явган хүн явах боломжгүй нарийнхан болгосон байна. Газар зохион байгуулалтын алба үүнд анхаарч хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй” гэсэн юм.

Мөн Хан-уул дүүрэгт байрлах Удирдлагын академийн эзэмшил талбайд байдаг Д.Сүхбаатар жанжны хөшөөний хэсэг хувийн компанийн эзэмшилд орсон нөхцөл байдлыг тодруулж, газрын эрхийг нь хүчингүй болгож, орчимын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад  даалгав.

Түүнчлэн Хан хиллс хотхоны арын замаар чанх хойш Хүннү хороолол руу холбох авто замын орц гарц нээх, Зайсангийн гүүрнээс Ривер Гарден хүртэлх замын түгжрэлийг арилгахын тулд Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбох холбоос зам бий болгох, Туул гол дагуу энэ зун баригдах дугуй, явган болон авто замын кадастр дагуу зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах чиглэлийг хотын Захирагч холбогдох албаны хүмүүст өгчээ.

Эх сурвалж: НЗД

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх