АНУ, БНХАУ-ын хагарал

Russia Монгол Админ 2017 02 сар 05 101

Зэвсэглэлээр хөөцөлдөж эрх мэдэл олж авах гэсэн хүйтэн дайн 1989 онд Берлины хана нурснаар эцэс болсон гэдэг ч үнэндээ XXI зуунд илүү нарийн арга хэрэгслээр дэлгэрч байна. АНУ-ын арми 3.2 сая, БНХАУ 2.3 сая, Энэтхэг 1.3 сая цэрэгтэй нь үүний нэг нотолгоо юм. Энэ тоо бол тухайн улсуудын олон улсад өгсөн мэдээ. Цаана нь тэрбум илүү хүн амтай Азийн хоёр улсад тусгай болон энгийн хичнээн тооны цэрэг байгаа нь нууц хэвээр үлдэж байна. Олон улсад цөм болон цэрэг армийн хүчээр далайлган сүрдүүлдэг  улс нь Ардчилсан Солонгос. Ардын армийн генералууд нь өмднийхөө гуя хүртэл цэргийн олон медаль зүүсэн Хойд Солонгос өдгөө ч заналхийлсээр байгаа. АНУ ганцхан Хойд Солонгосын гэнэтийн дайралтаас хамгаалсан техник хэрэгсэл бэлдэж байсан бол Нэгдсэн улсад дахин нэг дайсан бодит заналхийлэл учруулсан. Энэ бол БНХАУ-ын тэнгисийн цэргийн флот юм.

Урд хөршийн тэнгисийн цэргийн далайд байрлуулсан тив хоорондын “JL-2” пуужин байлдааны бэлэн байдалд ороход ойрхон байгааг АНУ-ын конгресс мэдэгдэж байсан. Уг илтгэлд дурдахдаа “Хятадын тэнгисийн хүчин тив хоорондын пуужингаа далайд байрлуулсан нь АНУ-д бодит аюул учруулж байна. Тэнгисийн флотын атомын пуужинт шумбагч онгоцууд нь ирэх долдугаар сараас байлдааны эргүүл хийж эхлэхийг үгүйсгэхгүй. Тэр үед бид хариу цохилт өгөх болно гэдгээ Олон улсын тавцанд анхааруулах нь зүйтэй” гэжээ. Хэрэв энэ үнэн бол хүйтэн дайны аюул одоо ч хэвээр байгаагийн нэг илрэл.

БНХАУ-ын тэнгисийн армийн 12 пуужин бүхий “092” төслийн атомын шумбагч онгоцыг 1987 онд анх бүтээжээ. Харин энэ хугацаанд дээрх шумбагч онгоц байлдааны нэг ч эргүүл хийгээгүй юм байна. Гэхдээ туршилтын журмаар далайд нэг бус удаа гарч байв. Техникийн хувьд олон дутагдалтай “092” шумбагч нь Хятадын флотын дадлага хийх суурь бааз нь болж байгааг АНУ анхааруулсан. Хэрэв Олон улсын байдал хурцадмал болж, мөргөлдөөн үүсвэл “092”-ыг далайд гаргаж 1700 км-ын тусгалтай 12 пуужинг нь тогтоон барих хэрэгсэл болгож магадгүй байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр БНХАУ “092” төслийг хийж дуусаад, одоо “094” төслийн гурван хөлөг онгоц бүтээжээ. Мөн 24 пуужинтай “096” төслийн хөлөг онгоц хийж эхэлсэн. Эдгээр хөлөг онгоцууд нь бүгд тив алгасагч пуужингаар тоноглогдсон гэнэ.

АНУ өдий хүртэл тайван байсан шалтгаан нь 1970-аад оны сүүл хүртэл Хятад олон улсад аюул учруулах нисэх онгоц, далавчит пуужин үйлдвэрлээгүй байсан. Гэтэл 1987 онд бүтээсэн “092” шумбагч нь далайд гарч, түүний дараагийн загварууд нь хийгдэж эхэлжээ. Ашиглалтанд оруулсан эхний гурван “094” атомын шумбагч онгоц нь тив хоорондын 36 баллистик пуужинтай. Хэрэв дахиад хоёр ширхэг “094” хийвэл 60 пуужинтай болно гэдгийг нь АНУ хэллээ.

Цаашид “096” төслийг хэрэгжүүлж байлдааны зориулалттай том онгоц үйлдвэрлэх тусам пуужингийн тоо нэмэгдэх юм. Мөн хошуу нь хуваагддаг пуужин Хятадад байхгүй гэсэн баталгаа үгүй билээ. Одоогийн нөхцөл байдлаас харахад урд хөршийн Батлан хамгаалах яам, Засгийн газар нь пуужингуудаа улам боловсронгуй болгосоор байна. Олон улсын хуулиар БНХАУ-ын тэнгисийн флотын хөлөг онгоцнууд “Атомын пуужинт шумбагч онгоцтой бусад улсын жишгээр хуваагдах хошуу бүхий тусад нь онилон чиглүүлдэг тэнгисийн пуужин”-гаар шумбагч онгоцоо тоноглох ёстой.

АНУ энэ бүх мэдээллийг баттай болгосны дараа НҮБ-ын Аюулгүй зөвлөлд хандаж мэдэгдэл хийнэ гэдгээ уламжилжээ. Хойд Солонгос НҮБ-ын гишүүн бус орон. Мөн цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй, ямар ч зориулалтаар ашиглана гэдгээ мэдэгдсэн. Энэ нь олон улсад дайн хэзээ ч эхэлж магадгүй гэдгийг сануулж байгаа учир АНУ битүүхэн айдастай суудаг. Гэтэл БНХАУ тэнгисийн шумбагч онгоцоо далайд гаргасан нь олон улсад, тэр дундаа АНУ-д илүү аюул учруулж байна. Вашингтон дээрх бүх үйл явдлыг сайн мэдэж байгаа ч НҮБ-д найдаж байгаагаа илэрхийлсэн. Харин Азийн хоёр хүчирхэг улс зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлаа зогсоохгүй бол Нэгдсэн улс ч мөн адил цэрэг армийн тоогоо олон улсын тогтоосон хэмжээнээс нэмнэ гэдгээ хэлсэн юм.

Эх сурвалж: www.WORLD.TODAY.mn

If you like our news, "Like" us by clicking the Join