
БНХАУ-д өнгөрсөн хоногт дотооддоо бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын дийлэнх нь тус улсын зүүн хойд нутгийн Жилинь мужид бүртгэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр, нийт 1219 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 1086 нь Жилинь мужид илэрсэн байна.
Өнгөрсөн хоногт Хятадын 14 бүс нутагт “COVID-19”-ийн халдвар бүртгэгдсэн байна. Коронавируст халдварын шинж тэмдэгтэй өвчтөнүүдээс гадна шинж тэмдэггүй 4 996 шинэ тохиолдол илэрчээ.
Нийт тохиолдлын 188 нь хилийн чанадаас ирсэн хүмүүсээс илэрсэн байна. БНХАУ-д гадаадаас ирсэн иргэдийг PCR-ийн эхний шинжилгээний хариу сөрөг гарснаас нь үл хамааран гурван долоо хоногийн хугацаатай тусгай ажиглалтын цэгүүдэд тусгаарлаж байгаа бөгөөд байр, хоол, эмнэлгийн үйлчилгээ зэрэг тусгаарлалтын зардлыг өөрсдөөс нь гаргуулж байгаа юм. Эмнэлгийн үйлчилгээнд зургаан удаа PCR-ийн шинжилгээ өгөх төлбөр орсон байна.
Албан ёсны мэдээллээр, БНХАУ-д цар тахал дэгдсэнээс хойш нийт 144 515 хүн халдвар авч, 4 638 өвчтөн халдварын улмаас нас баржээ. Одоогийн байдлаар эмнэлгүүдэд 27 745 хүн эмчлүүлж байгаагийн 58-ынх нь биеийн байдал хүнд байна.


0 cэтгэгдэлтэй