
Гол онцлох:
“Тос граммлаж авах нь энгийн үзэгдэл. Талх таллаж зараач гэдэг болсон” гэв” хэмээх гарчигтай сурвалжилгыг “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа онцолжээ. Энэ бол УБ хотын гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн бодит байдлын тухай. Тодруулбал, Дарь-Эх орчимд нөхцөл байдал ямар байгааг харуулжээ. Эндээс заримыг нь эш татвал “Хүүхэд даараад ханиад хүрэх нь гээд хүүхдээ тэврээд түлээ, нүүрс зээлэхээр ирдэг”, “Зээлээр авсан барааныхаа мөнгийг төлөөд и-баримтаа авна гээд шургуулга дүүрэн л и-баримт байна”, “Дэнжийн мянгад үнэгүй хувцас тараахад өдөржин зогсоод авч чадалгүй ирсэн гэсэн, хөөрхий” гэх зэргээр жирийн иргэдийн амьдралын тухай өгүүлэмж энэ сурвалжилгад олон байна.
Дэд онцлох:
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Тал тал руу хөрөнгө хүчээ тарамдуулж байхаар 2-3 салбараа бодитойгоор дэмжмээр байна” гэж ярилцлага өгчээ. Тэрээр хаврын чуулганы нээлт болон бусад асуудлаар 8, 9 дүгээр нүүр дамжуулан сэтгүүлч П.Батзаяатай ярилцсан байна.
Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад нийтлэл мэдээллийг жагсаая:
- Хотын дарга асан Э.Бат-Үүл хорих 409 дүгээр ангиас “Путин колоничлолоо сэргээх үү!” гэсэн гарчигтай нийтлэлийг бичиж, шуудангаар илгээсэн байна. 3 сарын 7-нд илгээснээр түүний хэвлэн нийтлэх эрхийг хааж, шуудан ч саатсаар өнгөрсөн баасан гарагт ар гэрийнхэнд нь ирсэн аж.
- Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан гэдэг үндэслэлээр шүүхэд шилжээд буй иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан “Ч.Мөнхбаярыг Монгол Улсын шүүхийн танхимд БНХАУ-ын нэрийн өмнөөс яллахгүй байх гэж итгэж байна” гэсэн гарчигтай ярилцлага өгчээ. Иргэн Ч.Мөнхбаяр гэмт хэрэг хийгээгүй учраас тайван, зоригтой байгаа гэдгийг тодотгожээ.
- Үнийн өсөлтийн асуудлаарх УИХ-ын гишүүдийн байр суурь гэдэг гарчигтай нийтлэлийг “Улс төр” хэсэгт гаргасан байна.
- “Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг хураах нь буруу” гэх гарчигтай нийтлэлийг Хөтөлийн цементийн үйлдвэр дээр болсон явдлын тухай хөндөн бичжээ.
- “Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц төсөл”-ийн зохицуулагч Ч.Гантулга “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглан цахилгааныхаа хэрэглээг дотооддоо бүрэн шийдвэрлэх боломжтой” гэж ярилцлагыг нийтлүүлсэн байна.
- УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Хөгжлийн төлөө Хөгжлийн банк оршдог” гарчигтай нийтлэлээ тус сонинд гаргажээ.
- “Худалдагч охин” киногоороо Японы Осака кино наадамд амжилттай оролцсон найруулагч Ж.Сэнгэдорж “Пробонд орж ирэхдээ л Баярцэцэгийн асуултын тэмдэг шиг нүд таалагдсан” гэж ярилцлага өгчээ.
- “Дэлхийн мэдээ” буланд “Сергей Шойгу дахин гарч ирэв” гарчигтай мэдээг онцолжээ. Түүнийг 3 сарын 11-нээс хойш олны өмнө ерөөсөө үзэгдээгүй тул нас барсан гэж хардах хүн олон байсан билээ.
- Ятгачин, дуучин Ө.Бохьшарга “Язгуур урлаг, үндэсний өв соёлоо хойч үедээ илүү сайн хүргэхсэн гэж боддог” гэж ярилцлага өгсөн байна.

0 cэтгэгдэлтэй