Шанхай хотод хатуу хөл хорио тогтооно

               
2022-03-29 0

Хятадад цар тахал дэгдсэн цагаас хойших хамгийн том хөл хориог Шанхай хотод зарлах болсноо мэдэгджээ.  

Тус улсын санхүүгийн төв гэгддэг Шанхай хотод хоёр үе шаттай хөл хорионы дэглэмийг есөн өдрийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Энэ хугацаанд эрх баригчид хотын оршин суугчдыг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болжээ.

Шанхай хотод коронавирусийн Омикрон хувилбарын дэгдэлт эхлээд сар орчим хугацаа өнгөрсөн. Гэхдээ Хятадын эрх баригчид эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс болгоомжилж, 25 сая оршин суугчтай энэ хотыг хөл хорионы дэглэмд шилжүүлэхгүй байхыг эрмэлзэж байсан юм.

Гэвч Бямба гарагт Шанхайд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн тул хатуу хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ.

Хотын зүүн хагас Даваа гарагаас эхлэн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хөл хорионд шилжих бол баруун хагас нь 1-нээс 5-ны өдрүүдэд шилжинэ.

Энэ хугацаанд хамрагдсан бүсийн үйлдвэр, байгууллагууд ажиллагаагаа зогсоож, гэрээсээ ажиллах горимд шилжих юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн зогсохоор болжээ. Ням гарагт Хятад даяар халдварын 4,500 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь дэлхийн зарим улс орнуудынхтай харьцуулахад өчүүхэн бага ч Хятадын стандартаар өндөрт тооцогдож байгаа юм.

Холбоотой мэдээ