“Чөтгөрт автсан алуурчин” өдрийн дотор гурван хүнд халджээ

               
2022-03-25 0

“Чөтгөрт автсан алуурчин” хэмээх хочтой эр Лондонгийн хойд хэсэгт дөрвөн цагийн дотор нэг эмэгтэйн амийг хөнөөж, өөр хоёр хүн рүү халдсан хэрэг гарчээ.

Хэргийг үйлдсэн 44 настай Брайн Сенгендо нь 27 настай Терасиа Гордоныг хөнөөсөн бөгөөд хүн амины хэрэг үйлдэхийг завдсан, хүн хулгайлах, хүчиндэх зэрэг нийт 7 хэрэгт буруутгагдад насаараа хоригдох ял сонсчээ.

Хэргийг тодруулбал, 2020 оны наймдугаар сарын 3-нд Брайн Сенгендо биеэ үнэлэгч бүсгүйн аминд хүрэхээсээ өмнө зодож, хэд хэдэн удаа хутгалж хөнөөгөөд цогцсыг Энфилд дэх ойд хаясан байна. Тэрбээр хохирогчийг Лондонгийн хойд хэсэгт орших Энфилд хотын Гилберт гудамжнаас худал хэлж машиндаа суулган хулгайлжээ.

Түүнчлэн бүсгүйг хөнөөхөөс хэдхэн цагийн өмнө анхны хохирогчийг хулгайлж, хутга тулган хүчирхийлсэн бөгөөд долоон удаа хутгалж гэмтээсэн байна. Азаар эмэгтэй эсэн мэнд үлдэж, эмнэлэгт хүргэгджээ. Үүний дараа хоёр дах хохирогчид хутга тулган алахыг завдаж, хүчээр бэлгийн харьцаанд орох үедээ дүрс бичлэг хийсэн байна. Энэхүү бичлэгт тэрбээр “Миний хэлснийг давт, би чөтгөрийн хүүхэд” хэмээн хэлж, хохирогчийг хүчээр хэлсэн үгсээ давтуулж байгаагаар бичигдсэн байна.

Түүнтэй ажилласан сэтгэцийн эмч нарын хэлж байгаагаар, Брайн Сенгендод нийгмээс тусгаарлагдмал байдал, ажилгүйдэл, хар тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг шинж тэмдгүүд ажиглагдсан болохыг мэдэгджээ. Түүнд ял оноохоос өмнө Сенгендо өөрийгөө буруугүй, харин ч хамт ажилладаг байсан эрэгтэйг буруутган хэмээн өөрийгөө өмгөөлж байжээ.

Тус хэргийн шүүгч Хиллен биеэ үнэлэгчдийн эмзэг байдлыг онцолж, 1990 оноос хойш 152 хүн иймэрхүү байдлаар хөнөөгдсөн болохыг мэдээлэв. Тэрбээр хэлэхдээ “Нийгмийн эмзэг бүлэг болох биеэ үнэлэгчид, трансжендерүүд гэмт хэрэгтнүүдийн бай болж, улмаар хохирогч болох тохиолдол нийгэмд ихсэж байгаад харамсаж байна” гэжээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ