Товчхон
               

2020-2021 онд усны ослоор 64 хүүхэд амиа алджээ

               
2022-03-29 0

Усны ослоос үрсээ хамгаалах, энэ талаарх мэдлэг мэдээлэл олгох, эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдүүддээ тавих анхаарлыг сайжруулах зорилготой “Үер, уснаас үрсээ хамгаалъя” нөлөөллийн аяны талаар өнөөдөр холбогдох байгууллагууд хамтран мэдээлэл хийлээ.

Хэдийгээр иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгсөөр байгаа ч бага насны хүүхдүүд усанд осолдож амиа алдах нь төдийлөн буурахгүй байгаа аж.

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ “Бага насны хүүхэд усанд осолдох нь сүүлийн хоёр жилд өсөх хандлагатай болсон. Үүнийг дотоодын аялал жуулчлал, амралт зугаалга ихэссэнтэй холбоотой гэж үзэх үндэслэлтэй. Тухайлбал, 2020 онд 33, 2021 онд 31 хүүхэд усны ослоор амь насаа алдсан. Үүнийг өмнөх жилүүдтэй нь харьцуулбал бараг хоёр дахин нэмэгдсэн тоо.

Сүүлийн 10 жилд нийт 272 хүүхэд усанд осолдож, амиа алдсан. Иймд хүүхдүүдийн амь насыг хамгаалахад тал бүрийн оролцоог хангаж, өргөн хүрээнд нөлөөллийн ажил хийх нь зүйтэй тул аяныхаа хоёрдугаар үе шатыг эхлүүлж байгаа” гэлээ.

Ойрын таван жилийн тоон мэдээгээр усны ослоор 553  хүн амь насаа алдсаны 124 буюу 22.4 хувь нь хүүхэд юм байна. Усны ослоор амь насаа алдагсдын шалтгаан нөхцөлийг нь тодруулбал хүүхдээ хараа хяналтгүй орхисон, амралт зугаалгаар явах үедээ гол, нуурын усанд орсон, архидан согтуурсан, малчид үертэй болон ус ихтэй үед гарамгүй газраар гол гаталсан зэрэг шалтгаан 70 хувийг эзэлж байгаа юм.

Т.Олонбаяр: “Монгол Улсын 100,000 хүн амд ногдох усны осол 3.5 байна. Түүнчлэн Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаанаас усны ослыг бууруулах чиглэлээр “Хийлдэг завь тоглоом биш” арга хэмжээг өнгөрсөн онд зохион байгуулж, хийлдэг завийг аюулгүй ашиглах зааврыг боловсруулсан.

Мөн тэрбээр “Монгол Улсын 100,000 хүн амд ногдох усны осол 3.5 байгаа нь өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа. Усны ослоор эрсдэж буй бага насны хүүхдийн тоо өндөр. Хүйсээр нь авч үзвэл эрэгтэйчүүд осолдох нь хоёр дахин их байна. Усны осол нь үхлийн шалтгаануудын 4, 5 дугаарт орох хэмжээний эрсдэлтэй” гэлээ.

Холбоотой мэдээ