Орос, Украины энхийн хэлэлцээнд ахиц гарчээ

               
2022-03-30 0

Гуравдугаар сарын 29-ний мягмар гарагт Туркийн Истанбул хотод Орос, Украины төлөөлөгчид шинэ үе шатны хэлэлцээ хийлээ. Оросын төлөөлөгчдийн тэргүүн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединскийгийн хэлснээр, хэлэлцээ үр бүтээлтэй болсон байна.

Хоёр талын хэлэлцээ гуравдугаар сарын 29, 30-нд хоёр өдөр болох төлөвтэй байсан боловч Оросын төлөөлөгчдийн баг дахь болон Туркийн ГХЯ-ны эх сурвалжуудын мэдээлснээр, энэ үе шат дууссан бөгөөд лхагва гарагт уулзалт болохгүй. Орос, Украины төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээний гол үр дүнгүүдийн талаар хүргэж байна.

ОХУ-ын санал

-Мединскийгийн хэлснээр, Истанбулд Оросын төлөөлөгчид Украины талаас “ойлгомжтой тодорхойлсон байр суурь” хүлээж авчээ. Киевийн саналыг ойрын үед хэлэлцэж, ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Москва хариугаа өгнө.

-Орос улс “мөргөлдөөнийг намжаах хоёр алхмыг улс төр, цэргийн талбараар хийж байна”. Нэгдүгээрт, тус улс хоёр улсын Ерөнхийлөгч нарын уулзалтыг түргэтгэхийг санал болгожээ. Анх ГХЯ-ны түвшинд гэрээ байгуулсны дараа л удирдагчид уулзана гэж төлөвлөж байсан бол одоо энэ хоёр уулзалтыг нэгэн зэрэг зохион байгуулах төлөвтэй байна. Хоёрдугаар алхам нь Оросын цэргүүд Киев болон Черниговын чиглэлд байлдааны ажиллагаагаа эрс багасгана.

-Киев, Черниговын чиглэлд байлдааны ажиллагааг хэрхэн багасгах нь одоогоор тодорхойгүй байна. Төлөөлөгчид Истанбулаас буцаж ирсний дараа ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штаб дэлгэрэнгүй мэдээлнэ. Гэхдээ Мединскийгийн хэлснээр, энэ нь цэргийн ажиллагааг бүрэн зогсооно гэсэн үг биш юм.

-Мединский Москвагийн алхмуудыг энх тайванд хүрэх томоохон алхам гэж тодорхойлсон бөгөөд одоо Киевээс “хариу алхам” хүлээж байна. Москва, Киевийн хооронд харилцан хүлээн зөвшөөрсөн нөхцөлөөр гэрээ бэлтгэхэд маш их зам бий гэдгийг Оросын төлөөлөгчдийн тэргүүн онцлон тэмдэглэв.

Украины санал

-Крым, Севастополийг Украины бүрэлдэхүүнд хүчээр буцаан нэгтгэх эрмэлзлээсээ татгалзах байр суурийг Киев  илэрхийлсэн байна.

-Украины тал саналдаа мөн үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэх, байрлуулахаас татгалзах, мөн нутаг дэвсгэрт нь гадаадын цэргийн бааз байрлуулахаас татгалзах зэргийг оруулжээ.

-Украин улс “агуулга, хэлбэрийн хувьд Умард Атлантын гэрээний тавдугаар заалттай төстэй байх” аюулгүй байдлын баталгаа өсөн тохиолдол төвийг сахисан болон цөмийн зэвсэггүй статустай болохыг зөвшөөрч байна.

-Аюулгүй байдлын баталгаа олгогч орнуудын тоонд Киев НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүд /Оросыг оруулаад/, мөн Герман, Израил, Итали, Канад, Польш, Туркийг оруулахыг санал болгожээ. Гэхдээ тэдний олгох баталгаа Крым, Донбасст хамаарахгүй байна.

-Киев баталгаа олгогч орнуудаас Украиныг Европын Холбоонд элсэхэд саад болохгүй байх, “тус холбоонд аль болох хурдан элсэхэд” туслахыг шаардаж байна

Холбоотой мэдээ