Товчхон
               

Нийгмийн “эмгэнэлт” төрх: Автобусны тухай

               
2022-03-30 0
Зургийн эх сурвалж: MPA

Цастай өдрийн өглөө, ажил тарах цагуудад хүмүүсийн хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг тул нийтийн тээврүүд ачааллаа дийлэхээ больдог нь хэвийн үзэгдэл болоод удаж байна. Манай улсын хувьд метроны зам байхгүй, таксины төлбөр жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул эгэл ажилчид, сурагчдын хувьд сонгон зорчих гол нийтийн тээвэр нь автобус юм.

ХУГАЦАА НЬ ДУУССАН 560 АВТОБУС ОН ДУУСТАЛ ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРНА

Өнгөрсөн онд төсвийн хөрөнгөөр 106 автобус худалдаж авахаар төлөвлөсөн ч 35 автобус л авч чадсан байна. Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 985 автобус үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл үүнээс 560 автобусны ашиглалтын хугацаа энэ жилээр дуусаж байгаа аж.  Үйлдвэрээс гарсан шинэ автобусыг 12 жилийн хугацаанд ашиглаад үйлчилгээнээс халах стандарттай боловч манай улсын хувьд энэ стандартыг түр тэдгэлзүүлж энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл хуучин автобусуудаа үйлчилгээнд явуулахаар болжээ. Эдгээр автобус стандарт болон технологийн хувьд хоцрогдсон, дизель түлш ашигладаг учир агаарын бохирдолд нөлөөлдөг, хүлэмжийн хий ялгаруулдаг сул талуудтай.

ХҮРТЭЭМЖ ХАНГАЛТГҮЙ БАЙГАА Ч “ХҮНДЛЭЛ” БАЙХ ЁСТОЙ

Автобусаар үйлчлүүлж үзсэн хүн бүр “Жаахан урагшаа шахаад яваад өгөөч”, “Эртхэн хаалга руугаа дөхөөд зогсоход яадаг юм” зэрэг шаардлагыг сонсож байсан биз. Өдөртөө нийтийн тээврээр 450 мянга орчим хүн зорчиж байна. Үүнээс үүдэн иргэд зарим тохиолдолд нэг цагийн турш шугамын автобусаа хүлээх хэрэг ч гардаг бол автобусны жолоочдын хувьд ачааллын улмаас нормоо биелүүлж чадахгүй байх тохиолдол элбэг. Хэдий нийтийн тээвэр хангалттай хүртээмжтэй байсан бол жолооч, зорчигч нар бухимдал багатай байж болох ч энгийн харилцааны соёл аль аль талдаа байхгүй байгааг харж болно. Жишээ нь жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд суудал тавьж өгөх нь нийтийн тээврээр үйлчлүүлэх соёл боловч төдийлөн мөрдөгддөггүй. Жолоочийн хувьд зорчигчдоо бүрэн суулгаж дуусаад хөдөлгөөн эхлэх дүрэмтэй боловч даацаа хэтэртэл хүмүүс суулгаад, хурдтай давхих нь энүүхэнд. Хөл зөрөх зайгүй шахам чихцэлдэн зорчих иргэдийн хувьд халдварын тухай яриад ч хэрэггүй. Зөвхөн өнөөдрийн хувьд гэхэд л автобусаар зорчсон хөл хүнд иргэн хаалганд нь хөлөө хавчуулсан байлдалтайгаар нэг буудлын турш явсан тохиолдол гарчээ. Өөрийн байдлын тухай автобусны жолоочид хандаж хэлсэн ч үл тоосон байгаа юм.

Иймэрхүү байдлаар иргэд амь насаа даатган хугацаа нь дууссан автобусанд байх ёстой хэмжээнээс олон хүнтэй шахалдан зорчсоор байх уу. Холбогдох ажилтнууд нь ч энэхүү энгийн үзэгдэл шиг болж нэвчсэн, тулгамдсан асуудлаа хэзээ, яаж зохицуулах вэ.

May be an image of 3 people

С.Хонгорзул

Холбоотой мэдээ