
Та гэр, ажлын газраасаа өөр хаана тав тухтай орчинд ном уншиж, хичээлээ хийж, laptop цэнэглэнгээ ажлаа хийдэг вэ?
Энэ асуултын хариуд таны толгойд хоёр газар бууж байгаа байх. Номын сан ба кофе шоп. Аль аль нь давуу болон сул талтай. Харин аль алиных нь давуу талыг хадгалсан тухтай орчинг хайж олох нь амар бус.
Монголд үйл ажиллагаа явуулж буй дийлэнх номын сангууд орчин, тав тухын хувьд хагас зуун жилийн өмнөх байдлаасаа төдий л томоохон ахиц дэвшил үзүүлж чадаагүй л байна. Вакумжсан мэт дүнхийсэн том уншлагын танхим сэрүүхэн болоод гэрэлтүүлэг тааруу. Зөөлөвчгүй сандал дээр хэдэн цагаар “тухалж” эрдэмд шамдан “сууж сурсан” ах эгч нар энэ талаараа бахдалтай ярих нь бий. Буруутгах аргагүй. ХХ зуунд өнөөгийнх шиг дизайн, тав тухын асуудлыг чухалчилж авч үздэггүй байв. Тиймдээ ч “Номын сан бол идэж, уудаг газар биш” гэх үзэл одоо ч дийлэнх номын сангуудад үйлчилсээр. Гэсэн кофе шопуудаас ялгарах гол чанар нь чимээ аниргүй орчинд анхаарал төвлөрөлөхөд илүү тустай. Хэн нэгэн таныг төвлөрч суухад хажууд чинь хоол идэж, утсаар ярьж, чанга инээхгүй.

Дуу чимээний асуудлуудыг үл тоон кофе шопоор үйлчлүүлэх иргэд олон. Тав тухтайн дээр кофе, цай уун шинэхэн нарийн боов, бусад хүнсний бүтээгдэхүүн хэрэглэнгээ ном унших, ажил, хичээлээ хийхээр тэд кофе шопыг зорьдог. Гэтэл бизнес эрхлэгчид буюу тухайн үйлчилгээний газрын зүгээс хэдэн цагаар удаан суухыг нь хориглох тохиолдол ихээр гарах болов. Тур тусмаа цөөн тооны ширээтэй кофе шопуудад энэхүү асуудал хүнд тусах нь гарцаагүй. Гэвч дэлхий даяар баримталдаг шижгийг л баримтлах хэрэгтэй. Кофе шопын цагийн хуваарь дотор үйлчлүүлэгч хэдэн ч цагаар суусан түүнийг ширээнээс босохыг хүсэх нь маш бүдүүлэг үйлдэл.
Сайшаах нь:
Үйлчлүүлэгчдээ хүндэлдэг, хэдэн цагаар суусан тав тухыг нь алдагдуулахгүй үйлчилгээ явуулдаг кофе шопууд олон бий. Мөн нөгөө талаар номын сангийн үндсэн гол агуулгаа хадгалахын зэрэгцээ тав тухдаа анхааран, ширээ сандлаа орчин үеийн хэв шинжид нийцүүлж, гэрэл, дулаан зэрэг орчны асуудлуудаа шийдсэн МУИС-ийн номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сан зэргийг дурдах нь зүйтэй.

Зөвлөх нь:
Номын сангуудын хувьд савтай ус, жигнэмэг сэлтийг авч орохыг зөвшөөрдөг. Гэхдээ уншлагын танхимын гадна кофе шопуудаар борлуулж буй кофе, цай, шинэхэн нарийн боов зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилж эхэлбэл үйлчлүүлэгчдийн тав тухыг илүү ихээр хангана. Уншлагын танхимын дэргэдээ кафе ажиллуулж буй жишиг Хүүхдийн төв номын санд үйлчилж байгаа аж. Гэсэн хэдий ч дээр дурдсан шинэхэн хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэхийн оронд нөгөө л ТҮЦ-нд зардаг болсон болоогүй бургер, кимбаб зэргээр үйлчилж байгаа нь сэтгэлд нийцэх магадлалыг багасгаж байгаа юм.

Харин хэрэв та кофе шоп нээхээр төлөвлөж байгаа бол бизнес хийхэд таатай орчин бүрдүүлсэн эсэхээ, кофе шопынхоо байршлыг судлан олон хүн сууж хичээл номоо хийж болохуйц хангалттай тооны ширээтэй тав тухтай орчныг бүрдүүлээрэй гэж зөвлөх байна. Кофе шопын соёл ресторан, цайны газрын соёлоос хол зөрүүтэй болохыг сайтар судалж байж шийдвэрээ гаргаарай.

Б.Амарбаясгалан

0 cэтгэгдэлтэй