
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хэсэгт босогчид мөргөлдөх үеэр НҮБ-ын найман энхийг сахиулагч нисдэг тэрэгний ослоор амь үрэгджээ.
Нисдэг тэрэг тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Конго улсын арми болон M23 гэгдэх босогчдын бүлэглэлийн хооронд мөргөлдөөн гарч байсан Хойд Киву мужийн дээгүүр нисэж явахдаа осолджээ.
Багийн гишүүдийн зургаа нь Пакистаны иргэн, хоёр нь Орос, Сербийн цэргийн албан хаагчид байсан гэж НҮБ-ын энхийг сахиулах комиссын мэдэгдэлд дурджээ. Тэднээс хэн ч амьд үлдээгүй байна.
Эрэн хайх, аврах ажиллагааны явцад цогцсыг гаргаж, Хойд Кивугийн нийслэл Гома хотод авчирсан байна. Пакистаны НҮБ-д суугаа элчин сайд Мунир Акрам мягмар гарагт эмгэнэл илэрхийлжээ. “Тэд НҮБ-ын бүрэлдэхүүнд багтаж Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад алба хааж байхдаа энэхүү эмгэнэлт явдлын золиос боллоо. Миний зүрх сэтгэл үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхний өмнөөс гашуудаж байна” гэжээ. Одоогоор ослын шалтгааныг тодруулаагүй байгаа бөгөөд мөрдлөгийн ажил явагдаж байгаа юм.
Эх сурвалж: CNN

0 cэтгэгдэлтэй