Японд хоёр хүүхдийн аминд хүрсэн согтуу жолоочид 14 жилийн ял оноов

               
2022-03-30 0

2021 онд Токио хотын ойролцоо согтуу жолооч осол гаргаж, хоёр хүүхэд амиа алдаж, гурван хүүхэд шархадсан юм.

Тэгвэл саяхан болсон шүүх хурлаар жолооч болох 61 настай эрэгтэйд Японы шүүхээс 14 жилийн ял оноожээ. Тэрбээр Чиба мужийн Ячимата хотын гудамжинд сургуулиасаа гэр рүүгээ явж байсан хэсэг сурагчдыг том оврын машинаар мөргөсөн юм. Шүүх хурлын үеэр прокурорууд Умезаваг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Японы түүхэн дэх хамгийн муу хэргүүдийн нэг гэж буруутгаж, 15 жилийн хорих ял оноохыг шаарджээ.

Гол шүүгч Дайсаку Канеко хэлэхдээ “Хэдийгээр тус иргэн хүнд даацын машины мэргэжлийн жолоочийн хувьд аюулгүй байдлаа чанд сахих ёстой байсан ч согтуугаар жолоо барьсаар байсан” гэжээ. Хэрэгтэн согтуугаар автомашин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч, ар гэрийнхнээс уучлалт гуйсан байна.

Ар гэрийнхэн нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаагаа илэрхийлж, прокурорын хүссэн дээд тал нь 15 жилийн хорих ял ч хангалтгүй байгаа тухай гомдол гаргасан байна.  

Ослын улмаас 7 болон 8 настай хоёр хүү нас барж, өөр хоёр хүү, нэг охин хүнд бэртсэн байна. Умезава 15.00 цагийн орчимд хурдны замын дэргэдэх амралтын газар архи уусан байна. Үүний дараа өдрийн 15:30 цагийн орчимд Ячимата хотын гудамжаар явж байхдаа нойрмоглож байгаад сургуулийн хүүхдүүдийг мөргөж гэмтээсэн гэнэ.

Эх сурвалж: Kyodo news

Холбоотой мэдээ