Товчхон
               

Д.Чимэддамба: “Жи тайм” Монголын санхүүгийн залилангийн түүхэнд гадаад эзэнтэйгээ, мөнгөтэйгөө баригдсан анхны бөгөөд цор ганц тохиолдол

               
2022-03-31 0

Сүлжээний бизнес гэх нэрийн дор залилан үйлддэг гэмт хэргийн талаар судлаач Д.Чимэддамбатай ярилцлаа.

-Сүлжээний залилан гэдэг зүйлийн талаар манай уншигчдад товч ойлголт өгөхгүй юу. Үүнийг анх хэзээ, хаанаас бий болгосон юм бэ?
-Санхүүгийн пирамидын “эцэг” нь өнгөрсөн зууны хориод онд амьдарч байсан Чарльз Понзи. Америкийн эдийн засаг хурдацтай хөгжиж, иргэд нь хувьцааны наймаа ид сонирхож эхэлсэн тэр үед мань эр 90 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг хоёр дахин өсгөж чадна гэсэн зар тараажээ. Итали гаралтай цагаач эр зар төдийгөөр зогссонгүй. Компаниа нээж, төлөөний хүмүүстээ чамлахааргүй мөнгө төлж хүн итгэхгүй байхын аргагүй тансаглаад эхэлж. Понзи тэр үеийн шуудангийн улс хоорондын төлбөрийн системийн үнийн зөрүүгээс ашиг хийж хурдан хугацаанд мөнгө өсгөж болно гэж хүмүүст итгүүлжээ. Тухайн үедээ нэр хүндтэй “The Boston Post” сонинд цагаач эрийн мөнгөө үржүүлэх “гайхалтай санаа”-ны тухай нийтлэл гарсан нь байдлыг бүр ч гааруулж орхисон гэдэг. Гэвч “The Bos­ton Post” дараахан нь Понзийг Америкт цагаачилж ирснээсээ хойш удаа дараа санхүүгийн луйварт хутгалдаж байсныг нь илчилсэн нийтлэлээрээ сэтгүүл зүйн дээд шагнал “Пулитцер” авч байсан түүхтэй. Цагаач эрийн мөнгө үржүүлэх схем нь их энгийн. Аль болох олон хүнд өндөр амлалт өгч их мөнгө цуглуулна. Эхэлж мөнгөө өгсөнд нь илүү ихийг буцаан өгнө. Их мөнгөний сургаар халаасандаа байгаагаа атгаад ирэх хүмүүсийн тоо ч олширно. Өнөөдүүлээс авснаа өмнө нь мөнгөө тушаасан хүмүүст тараана. Товчхондоо анх хөрөнгө оруулсан цөөн хүн нь хожиж, үлдсэн олонх нь халаас хоосон хоцрохыг санхүүгийн пирамид гээд байгаа юм. Хар үгээр бол боловсон дээрэм.
-Тэгвэл энэ понзи төрлийн санхүүгийн залилан Монгол Улсад хэзээнээс үүссэн бэ?-Манай улсын хувьд аль 1970-аад оноос энэ пирамидыг ашигласан олон луйвар гарсан баримт бий. Монголчууд Понзигоос эхтэй системийг гадаадаас оруулж ирэхээс гадна дотооддоо ч ийм пирамид бүтээж мөнгө босгон, эцэстээ олон хүнийг хохироосон жишээ өчнөөн дуулддаг. Өнгөрсөн зууны далаад оны дундуур гэхэд л “Нэг төгрөгийн аз жаргалын захиа” гэж гарч байв. Дөчөөс дээш насныхан бол энэ захиаг андахгүй дээ. За тэгээд “Жавхланг бадруулагч”, “Шинэ санаа төв”, “Холливуд”, “Глобал Ньюс”, “Монголын буддист залуучуудын холбоо” гэх маягаар тоочвол жагсааж барахгүй өчнөөн пирамид бий.
Орос улсад төвтэй гэж гарч ирсэн “Шинэ санаа төв” гэхэд л гишүүн болох хүмүүсээсээ 1500 ам.доллар авдаг байж. Аль тэртээ, 1995 оны үе гээд бодохоор маш их мөнгө өө. 700 ам.доллар нь гишүүний хураамж. Энэ мөнгөөр нь гадаад явуулж сургана, шинэ санааг дэмжинэ гэх мэт гоё тайлбар зүүж олныг хошууруулсан байдаг. Харин 800 ам.доллар нь элсүүлсэн хүнд нь бэлэглэлийн журмаар очно. Нэг хүн элсүүлээд 800 ам.доллар авахыг хүсэхгүй хэн байх вэ. Мэдээж санхүүгийн пирамидын хууль ёсоор эхний хэсэг хүн нь мөнгөжөөд ихэнх нь хохироод үлдсэн. Эцэст нь 2000-аад оны эхээр төвийн удирдлагууд ял сонссон түүх бий. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг гарахаа больж, ихэвчлэн интернэтээр луйварддаг болсон гэж хууль, хяналтынхан байсхийгээд сануулдаг.
Мэйлээр чинь нэг л өдөр та сая ам.доллар хожлоо, ногоон картны азтан боллоо гэх мэт гоё захиа ирвэл энэ зүгийнх гээд ойлгочих хэрэгтэй. Амласан орондоо аваачиж, тансаг орчинд амьдруулж байгаад мөнгө салгадаг нарийн зохион байгуулалттай хэрэг ч байдгийг мэдээд авчихад илүүдэхгүй.
-Та өөрөө энэ төрлийн гэмт хэргийн хохирогч уу?
-Тиймээ би хохирогч. Бүр 2000-аад оны хохирогч шүү дээ. Сонирхолдоо хөтлөгдөөд л гүнзгийрүүлээд судлаад явчихсан юм. Элсээгүй сүлжээ гэж байхгүй. Элсэж байж л бодит үнэнийг мэддэг юм.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Би тоонд дуртай хүн, цаасан дээр бичсэн мэргэжил чухал биш сонирхол хобби гэж илүү чухаг юм шүү дээ. Гэхдээ өнөөдөр 50 мянган хуульч, эдийн засагчтай Монгол Улсад энэ сэдвийг хөндөх чадвартай хүн байхгүй ирснийг анзаарсан уу. Үүнийг мэргэшил гэнэ.
-Одоо хүртэл сүлжээний бизнест хүн элсүүлнэ гэсэн зар олон байна. Пирамид тогтолцоотой сүлжээний залилан гэдэг нь чухам яг юу юм бэ?
-Монголчууд сүлжээний бизнес гэж буруу нэр томъёо хэрэглээд байдаг. Дэлхийн өөр ямар ч оронд ийм нэр олж сонсохгүй. Энэ бизнес хотын төвийн томоохон шилэн барилгуудад тархи угаалтын хичээлүүдээ ордог. Тухайн бараа бүтээгдэхүүнийг нь авахаас гадна тухайн сүлжээнд элсэхээс өөр аргагүй болгодог. Тэр ч байтугай сургалтад суулгахаар урьсан хүнээ урьдчилаад судалчихсан байдаг. Пирамид тогтолцоотой сүлжээний залилан нь ажилгүйдэл ихтэй, хөдөлмөрийн үнэлэмж багатайн дээрээс хууль хэрэгжүүлдэг байгууллага цөөнтэй зах зээл дээр илүү цэцэглэдэг. Дээрээс нь амар замаар богино хугацаанд мөнгөтэй болох хэтийдсэн шуналтай хүмүүс ч ихэсч байна.
-Хүмүүс танруу хандаж зөвлөгөө авах тохиолдол хэр байдаг вэ?
-Хуулиар хориотой асуудал сэдвүүдэд хариулдаггүй. Ер нь, маш их хүн ингэж хохирчихлоо, тэгээд залилуулчихлаа гэж ханддаг. Надад биш цагдаад хандаач л гэж хэлдэг.
-Таны судалж, олж тогтоосон сүлжээний залилангуудаас хамгийн олон хүн хамгийн их хөрөнгө мөнгөөр хохирсон тохиолдол нь аль нь байв?
-“Жи тайм”. Өнөөдрийн цагдаагийн байгууллагаас зарласан тоо миний судалдаг тоотой яавч нийлэхгүй. Онолын хувьд ч, практик дээр ч хэзээ ч нийлдэггүй юм. ЦЕГ-аас зарласан тоо зөвхөн өргөдөл гомдлоо л бичгээр, баримтаар гаргаж өгсөн тоо болохоос бодит байдлынхаа тооны 30 хувьд л хүрдэг юм.
“Жи тайм”-д маш олон залилагч ял завшсан. Тиймдээ ч сүүлийн үед энд тэнд аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшигч, эко наалт, нано бальзам, пептид, элдэв янзын биологийн идэвхтэй бүтээгдэхүүнүүдээр салаалж, залилж байна шүү дээ.
Би хүсвэл дуртай бараандаа, дуртай нэр өгөөд, бөөнөөр үйлдвэрлүүлж оруулж ирээд хэн бүхний тархийг угаагаад сүлжээ үүсгээд зарж бас баяжиж, бусдыг ч баяжуулж чадна. Мэдээж уснаас хуурай гарч бүр ч сайн чадна. Хэдэн мянгаар нь ч хувилж чадна.
“Жи тайм” Монголын санхүүгийн залилангийн түүхэнд гадаад эзэнтэйгээ, мөнгөтэйгөө баригдсан анхны бөгөөд цор ганц тохиолдол юм шүү дээ. Тийм учраас хохирсон гэх жүжигчид нь хохирсон асуудлаа шийдүүлж байгаа юм.
-Энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах хуулийн зохицуулалтыг та юу гэж хардаг вэ?
-Хэтэрхий сул. Залилан хийчихээд ял авсан этгээдүүд ялаа эдлээд эргэж гарч ирээд дахиад л энэ залилангаа хийж байна шүү дээ. Бүүр ил тодоор шүү.
Санхүүгийн залилангийн ялын доод хэмжээ багадаа 25 жилээс доошгүйгээр хязгаарлагдах ёстой. Ихэнх оронд бүх насаар нь, 100 жилээр гэх мэтээр ялладаг. Үнэндээ өнөөдрийн улс төрчид хүртэл залилагчид шүү дээ. Үнэнээс зугатаад хаа холдов гэж.
-Одоогийн байдлаар 7-8 сүлжээний залилан байгаа гэж байсан шүү дээ. Оргил үедээ хэд байсан бэ?
-Зөвхөн сүлжээний бизнес шууд худалдааны салбарт найм орчим газар үндэстэн дамнуулаад мөнгийг угааж байгаа нь нууц биш. ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ бүгд мэдэж байгаа. Мэдсэн ч мэдээгүй юм шиг нүдэн балай, чихэн дүлий явж байгаа нь нууц биш.
2015-2018 он бол оргил үе нь байсан. Зах зээл дээр хуулиар хориотой 150 сүлжээний залилан ид ажиллаж байлаа шүү дээ. Өнөөдрийн байдлаар тэдгээрийн 97 хувийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба бүрэн хааж зогсоож чадсан. Цаашдаа ч зогсооно. Энэ хугацаанд судлаач миний бие 137-г нь илчилсэн.
-Дайнтай холбогдуулан Оросоор дамжин орж ирдэг бүх сүлжээний бизнес мөхнө гэж та бичсэн байсан. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Ямар ч байсан сүүлийн ковидын гэх хоёр жил, дээрээс нь дайны гээд хугацаа нэмэгдсэн. Монгол улсад сүлжээний бизнес гэх хуулиар хориотой залилангийн нэршилтэй үйл ажиллагаанууд ихэвчлэн гуравдагч орноор дамжуулж Хядад болон Оросоос орж ирдэг байсан. Тэгвэл дайн гарсантай холбогдуулан тус улсуудаас бизнесээ татаад эхэлчихсэн жагсаалтыг өдөр болгон шинэчлэгдэж байгааг та бид бүгдээрээ л харж байна.
Би харахдаа Монгол улсад улс үндэстэн дамнасан санхүүгийн залилан болон бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээр өгөөшилсөн сүлжээний залилангууд үндсэндээ дуусгавар болж байна аа, зах зээл цэвэрлэгдэж эхлэх нь ээ гэж бодож байгаа шүү.

-Ярилцлагаа энд хүрээд өндөрлөе. Ярилцлагын төгсгөлд сэрэмжлүүлэг болгон хэлэх зүйл байна уу?

-Сүүлийн үед залилан цахим сошиал орчинд асар ихэссэн тул иргэн дор бүрнээ мэдлэг мэдээлэлтэй байж залилангаас өөрийгөө сэргийлээд зогсохгүй ойр дотныхоо хүмүүст сэрэмжлүүлж хамгаалаарай гэж хэлэх байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан сэтгүүлч: Б.Амарбаясгалан

Холбоотой мэдээ