Өдрийн сонины тойм /3 сарын 31/

               
2022-03-31 0

Гол онцлох:

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Бид Азийн хүлэг биш, Азийн гөлөг улсын тоонд орж байна” гэсэн гарчигтай ярилцлага өгчээ. Тэрбээр, Хөгжлийн банк, Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 зэрэг асуудлаар эрх баригчдыг шүүмжилжээ. Мөн сөрөг хүчний үүргийг хариуцаж яваагийн хувьд нам доторх хагарал, маргааныг ч мөн тайлбарлан ярьжээ.

Дэд онцлох:

Уул уурхайн сайд Г.Ёндон “Тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталснаар жилд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 3-4 дахин нэмэгдэнэ” гэх гарчигтай ярилцлага гарсан байна. Түүний ярицлагаас эш татвал “Монгол Улсын нутаг дэвсгэрийн 3.99 хувьд олгосон ашигт малтмалын 2599 тусгай зөвшөөрлийн 1691 нь ашиглалтын, 908 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд жил ойролцоогоор 50 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож байсан” гэжээ.

Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад нийтлэл мэдээллийг жагсаая:

  1. Эдийн засагч Ч.Отгочулуу “Манай улсын эдийн засгийн амин үзүүлэлтүүд түгшүүрийн байдалтай, улаан гэрэл асчихсан байна” гэж ярилцлага өгчээ.
  2. Монгол өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлагч нэгдлээс “Гадаадын хөрөнгө оруулалтын төслийн газрыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дээрэмдэх үү” гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлжээ.
  3. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн дотор “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болов” гэдэг мэдээг онцолжээ.
  4. Нийтлэлч Б.Цэнддоо “ХӨТӨЛ хаашаа хөтөлнө” гэсэн гарчигтай өгүүлэл бичсэн байна.
  5. “Алтан шар зам” ТББ-н Удирдах зөвлөлийн дарга Д.Туяа “Цагаан хаднаас ковид салахгүй байна гэх мэдээллийн цаана ямар учир байна вэ” гэж өгүүлэл бичжээ. Үүнд, 3 сарын 28-нд Улсын хэмжээнд 87 тохиолдол гарсны 26 нь хөдөө орон нутагт. Үүнээс Цагаан хаданд 26 тохиолдол батлагджээ. 3 сарын 29-нд Улсын хэмжээнд 38 тохиолдол гарсны 31 нь хөдөө орон нутагт. Үүнээс Цагаан хаданд 30 тохиолдол батлагджээ. Үүний цаана ХӨСҮТ-ийн түр лаборатори болон даатгалын мөнгөтэй холбоотой зохион байгуулалт явж байна гэж тэрбээр хардаж, тайлбарласан байна.
  6. Зон олны намын дарга Э.Одбаяр “Биднийг удаа дараа доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан Элчин сайд И.К.Азизовыг яаралтай нутаг буцаах хэрэгтэй” гэж ярилцлага өгчээ.
  7. Олон улсын Валютын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Юн Сок Хён Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас эш татвал “Цаашдын төлөвийг харвал бидний тооцоолон хүлээж байсан цар тахлын дараах томоохон сэргэлт удааширч болзошгүй байна. Экспорттой холбоотой тээвэр, логистикийн хүндрэл бэрхшээлүүд энэ оныг дуустал шийдэгдэхгүй болов уу. Мөн дэлхийн хүнс, газрын тосны үнийн цочир өсөлт дотоодын эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Цаашилбал, геополитикийн зөрчил хурцдаж, ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээнүүд нэмэгдэх, БНХАУ-д цар талхын дэгдэлт нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт нь саарч болзошгүй гэх зэргээр Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх эрсдэлүүд ерөнхийдөө сөрөг талдаа байна”
  8. Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал А.Алтай “Банкуудын IPO-нд хөрөнгийн зах зээл бэлэн гэж хэлмээр байна” гэсэн ярилцлага өгчээ.
  9. “My Voice” шоуны Гран-При шагналын эзэн Г.Тэмүүжин “Бахархал гэдэг хайртай аав, ээждээ сэтгэлийн таашаал амсуулах юм даа” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байна.
  10. “Positive Mongolians” төслийн санаачлагч, Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинбаяр “Хайр уран сайхны киногоор хайрыг мэдрүүлэхээс илүү ойлгуулахыг зорьсон” гэх ярилцлага нийтлэгджээ.
  11. Интермед эмнэлгийн сэтгэл судлаач, “Сайн сонсогч” сэтгэл зүйн төвийн захирал Г.Маралгуа “Надад итгээч, намайг ойлгооч, намайг хүлээн зөвшөөрөөч гэж өсвөр насныхан дотоод сэтгэлдээ орилж байдаг” гэх гарчигтай ярилцлага нийтлэгдсэн байна.
  12. Физикийн ухааны доктор Ц.Эрхэмбаяр “Утаанаас салах гарц бол цөмийн цахилгаан станц” гэсэн гарчигтайгаар ярилцлага өгчээ. Түүний ярианаас эш татвал “Атомын буюу цөмийн цахилгаан станц хүлэмжийн хий гаргадаггүй. Иймд цөмийн цахилгаан станцыг эрчим хүчний ногоон технологи гэж үзэж байна… Франц улс эрчим хүчний 80-аад хувийг Цөмийн цахилгаан станцаар үйлдвэрлэдэг. Бас цөмийн цахилгаан станцаар үйлдвэрлэсэн эрчим хүч хамгийн хямд эрчим хүч байдаг”

Холбоотой мэдээ