Товчхон
               

Дулаан хаан уулыг тусгай хамгаалалтад авах санал гаргалаа

               
2022-03-31 0
Зургийн эх сурвалж: MPA

Булган аймгийн ИТХ Тэшиг сумын Дулаан хаан уулыг “Байгалийн цогцолборт газар” болгох саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд уламжилж байна. Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоцтой, хамгаалах шаардлагатай амьтан, ургамал, хуш модны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг экологийн хувьд чухал ач холбогдол бүхий Дулаан хаан уул орчмын 15,5 мянган га газрыг “Байгалийн цогцолборт газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах санал гаргалаа.

Дулаан хаан уулын орчим нь Эг, Сэлэнгэ  голын ус зүйн сүлжээ бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй, Орхон-Сэлэнгийн савын дундаж уулсыг төлөөлөх энэ нутаг нь байгалийн унаган төрхөө сайн хадгалсан, аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломж бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг байна.

Экологийн чухал ач холбогдолтой, хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай голуудын нам татам дагуух намгархаг нуга, уулсын ар хажуугаар тохиолдох тайгархаг шинэсэн, хусан ой, дундаж, нам уулсаар тохиолдох уулын хээр хослон гол мөрний өргөн хөндий, татмын нуга, цэнгэг уст гол, горхиуд, уулын хээр, ой мод хосолсон үзэсгэлэнт, байгалийн унаган төрхөөрөө байгаа газар юм. Тэшиг сумын орчмын бүс нутагт амьтны тухай хуульд сүүн тэжээлтэн, шувуу тус бүрээс нэг зүйл нэн ховор амьтнаарорсон байна. Эг, Сэлэнгийн бэлчир, түүний орчмын бүс нутагт амьдарч буй 11 зүйлийн сүүн тэжээлтэн, 47 зүйлийн шувуу, 3 зүйл хоёр нутагтан, мөлхөгчид, 5 зүйл загас, нийт 66 зүйлийн сээр нуруутан амьтан аль нэг хэлбэрийн эрх зүйл хамгаалалтад орсон нь тухайн нутгийн амьтны аймгийн удмын сангийн үнэт чанарыг илэрхийлэх нэг үндсэн үзүүлэлт төдийгүй энэ бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах нэг чухал үндэслэл юм гэж мэргэжлийн байгууллага үзжээ.

Байгаль орчинд үзүүлэх хүний сөрөг нөлөө ихэссээр байгаа өнөө үед ард түмний байгалиа хамгаалж ирсэн уламжлалт зан үйлд тулгуурлан хушин ойн нөөцийг авч үлдэх, Хойт Мөсөн далайн ай савд хамаарах голуудын эх, цутгал голууд, Орхон-Сэлэнгийн савын дундаж уулсын ойт хээрийн экосистемийг хамгаалахад байгаль хамгааллын дээд хэлбэр болох тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд оруулан  дархлан хамгаалах явдал чухал ач холбогдолтой аж. Тухайн бүс нутгийг хамгаалалтад авснаар экологийн тэнцвэрт байдлыг хангах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, аялал жуулчлал хөгжүүлэх, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад ихээхэн нөлөөтэй юм. 

Холбоотой мэдээ