Товчхон
               

ОХУ: Украины зэвсэгт хүчин бууж өгөх хүртэл Мариуполь хотыг бөмбөгдөнө

               
2022-03-31 0

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй нэг цаг орчим хугацаанд утсаар ярьжээ.

Энэ үеэр Путин бүслэлтэд байгаа Мариуполь хотыг бөмбөгдөхөө зогсоох цорын ганц нөхцөл нь Украины зэвсэгт хүчин Оросын талд бууж өгөх гэдгийг Макронд хэлсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Ингэхдээ Оросын ерөнхийлөгч Мариуполь хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар зөвшилцөхөөр болсныг Францын тал мэдээлжээ. Хоёр ерөнхийлөгч утсаар ярилцсаны маргааш Оросын тал зөвхөн Пүрэв гарагт Мариупольд галаа зогсоож, иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломж олгох санал гаргасан байна.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагт гал зогсож, Мариуполийн иргэдийг Оросын хяналтад байгаа Бердянск боомтоор дамжуулан Запорожье хот руу нүүлгэхээр болжээ. Запорожье нь Мариуполь хотоос баруун зүгт оршдог хот юм.

Уг саналаа Украины талд тавиад хариу хүлээж буйг ОХУ-ын батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдээлсэн байна. Өмнө нь Мариуполиос энгийн иргэдийг нүүлгэн гаргах ажиллагаанууд талуудын харилцан үл итгэлцлээс болоод тасалдаж байсан юм.

Украины талын эх сурвалжийн мэдээлснээр тус хотод өнгөрсөн хугацаанд 5,000 орчим энгийн иргэн амиа алдсаны 210 орчим нь хүүхэд байжээ.

Холбоотой мэдээ