Японд ажиллаж амьдарч буй залуус эссэ бичлэгийн уралдаанд оролцов

               
2022-03-31 0

 “Олон улсын боловсролын нийгэмлэг”-ийн зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол Токио хотын Чиёода-ку Нагата-чо дахь тус холбооны байранд энэ сарын 25-нд болов.

Энэхүү эссэ бичлэгийн уралдааныг энэ жил Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас Японд суугаа Элчин сайдын яамтай хамтран тус холбооноос зохион байгуулжээ.

Уралдаанд Японд ажиллаж амьдарч буй 40-оос доош насны залуус мөн оюутан, ур чадварын дадлагажигчдыг хамруулсан байна. Эссэн бичлэгийг тус улсыг зорьж буй нутаг нэгтнүүддээ хандаж япон дахь амьдралын туршлага, алдаа оноо, хэл сурах арга барил, япон хүмүүстэй хэрхэн харилцах, япон орны нөхцөлд яаж хурдан дасан зохицох тухай агуулгатай байв. 

Тус нийгэмлэгийн захирал Озава гэрчилгээ, мөнгөн шагнал гардуулахдаа, олон шилдэг эссэ ирүүлснээс хамгийн сайн бүтээлийг сонгох нь үнэхээр хүнд бөгөөд нэр төртэй ажил байлаа хэмээж байв.

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсаас Японд суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх С. Болорчимэг,  Худалдаа, эдийн засгийн зөвлөх У.Өлзий, Япон дахь Монгол төв болон Монгол Японы Нетворкингийн тэргүүн н.Заяасайхан нар оролцож баяр хүргэв. 

Холбоотой мэдээ