Ц.Нямдорж: УИХ-ын гишүүд хүнд нөхцөлд ажиллаж байгаа сайд нарыг үргэлж загнах юм

               
2022-03-31 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж үнийн өсөлт болон импорт, экспортын асуудалд Засгийн газар хэрхэн анхаарч байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр “Хүнд нөхцөлд ажиллаж байгаа Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүд байнга загнах юм. Үүнийгээ болих хэрэгтэй. Өдөр болгон хүн загинадаг зүйлийг би үзээгүй. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Г.Тэмүүлэн нар зөв зүйл ярьж байна. Хүн төрөлхтний түүхэнд сүүлийн 100 жилд тохиолдож байгаа хамгийн аюултай зүйл болж байна. Ковид, цэргийн ажиллагааны асуудалд хэн ч ямар ч хариулт хэлж чадахгүй байна.

Засгийн газар долоо хоног бүр ковидын асуудлыг ярьдаг байсан. Одоо долоо хоног бүр эдийн засгийн нөхцөл байдлыг ярьж байгаа. Хойно бий болсон ОУ-ын нөхцөл байдлын хаялага бодитойгоор орж ирж бараг эхлээгүй байгаа учраас УИХ-д санал оруулах бололцоо өнөө маргаашдаа бага байна. Ажиглаад л байгаа. Газын үнийг рублээр төлөх асуудал хойноосоо юу дагуулахыг хэн ч мэдэхгүй. Ард түмний амьдрал хэцүү байгааг сүүлийн хоёр жил ярьж байгаа. Зөвхөн Монголд ийм байгаа юм биш. ОУ-ын нөхцөл байдал хэзээ, яаж намжихыг харах хэрэгтэй. Энэ бүхнийг харж байгаа мөнгөний бодлогын асуудлыг УИХ-д оруулах талаар бид ярьсан” гэв.

Холбоотой мэдээ