Өдрийн сонины тойм /4 сарын 1/

               
2022-04-01 0

Гол онцлох:

УИХ-ын гишүүн, Чинбатын Ундрам “Төр, иргэн хамтарч сахилга баттай байж их хямралыг хохирол багатай давна” гэсэн ярилцлага өгчээ. Бодлогын хүү өсгөсөн нь инфляцаа барих гэсэн арга. Хятад улс цаашдаа манайд хилээ нээх нь эргэлзээтэй. Төр бүх төрлийн үргүй зардлаа танах ёстой. Иргэд ч бүсээ хамт чангалах хэрэгтэй гэх зэргээр эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замуудын талаар ярьжээ. Мөн энэ дашрамд Хөгжлийн банкнаас зээл аваад байсан аавынхаа бизнест оролцдоггүй, дөнгөж 2020 онд УИХ-ын гишүүн болсон хүн яаж зээл авахад нь нөлөөлж чадах билээ гэх зэргээр тайлбар өгсөн байна.

Дэд онцлох:

Монголын хуульчдын холбооны Олон улсын хорооны дарга О.Батхүү “Ганцхан медаль гардуулах гэж тэр том барилгыг ашиглаж байна. Түүнийг төр мэдэлдээ авч эмнэлэг болгох хэрэгтэй” гэх ярилцлагыг өгчээ. Энэ яриа нь бүхэлдээ Монголын залуучуудын холбооны дөрвөн давхар барилгын тухай яриа юм. Улсын мэдлийнх байгаад 30-40 жил болоход яг л хэвээрээ байгаа ийм барилгыг УБ хотын захирагч мэдэлдээ авч эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний тулд цагдаа, хэвлэл дагуулж очиж булааж авдаг байдлаар биш шүүхийн журмаар үндэслэлүүдээ гаргаад ажиллах хэрэгтэй гэж хуульч хүний үүднээс гаргалгаагаа тайлбарлажээ.

Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад нийтлэл мэдээллийг жагсаая:

  1. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр “Өдөрт авах ёстой хэмжээний илчлэгээ аваад байвал илүүдэл жинд хүрэхгүй” гэж ярьжээ.
  2. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд гишүүдийн зүгээс хэлсэн үг, байр суурийг нэгтгэн тоймлосон байна. Үүнийг “Хоёр хөрш хилээ хаагаад бараа орж ирэхгүй бол Монголд иргэний дайн үүснэ” гэх Ц.Даваасүрэн гишүүний үгээр гарчиглажээ.
  3. “Бидний итгэж сонгосон болгон эх орноо тоножээ” гэсэн гарчигтай өгүүллийг сэтгүүлч Д.Гансаруул бичиж, нийтэлжээ. Энд Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудад хамаарал бүхий гишүүд, сайд нарын нэрийг дурдан шүүмжилсэн байна.
  4. АН-ын дарга С.Эрдэнэ “Жил зургаан сар орчим үргэлжилсэн үл ойлголцол, маргаан энэ хүрээд дууслаа” гэсэн гарчигтай мэдээллийг нийтэлжээ.
  5. “13 шүүгчийн холбогдсон ноцтой үндэслэлүүд юу болсон бэ” гарчигтай өгүүллийг сэтгүүлч Б.Энхзаяа бичжээ. Тэрбээр есөн жилийн өмнө Шүүхийн багц хууль хэрэгжиж эхлэх үед 13 шүүгчийг чөлөөлөөд буцаан томилолгүй авч үлдсэн байна. Энэ шүүгчдийн нэр хаягийг ч тодорхой дурдаж. Гол нь өнгөрсөн долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж дээрх 13 шүүгчийг дахин шүүгчээр ажиллуулахаар томилох шийдвэр гаргаж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ. Гэтэл эдгээр шүүгчийг огт үндэслэлгүйгээр шүүгчээр томилохоос түдгэлзсэн хэрэг биш гэдгийг ч нийтлэлд өгүүлжээ.
  6. Хилчин спорт хороо, жүдо бөхийн Монгол Улсын шигшээ багийн тамирчин Бишрэлтийн Хорлоодой “Бага байхдаа хурдан морь унадаг байсан минь жүдогоор хичээллэхэд их нөлөөлсөн” гэж ярилцлага өгсөн байна.

Холбоотой мэдээ