
Өчигдөр буюу Пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин байгалийн хийн экспортын төлбөрийг зөвхөн рублиэр авах захирамж гаргажээ. Энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм.
Иймд байгалийн хийн хэрэглээнийхээ гуравны нэгээс илүү хэсгийг Оросоос импортолдог Европын орнуудад томоохон асуудал үүсгэж байна. Украины хямралтай холбоотойгоор Өрнөдийн орнуудын тавьсан эдийн засгийн хоригийн улмаас ОХУ гадаад валютын нөөцийнхөө ихэнх хэсгийг битүүмжилжээ.
Путин хэлэхдээ “Гадаадын худалдан авагчид Оросын банканд рублийн данс нээх ёстой. Маргаашаас эхлэн байгалийн хийн төлбөр уг данснаас нь хийгдэнэ. Хэрвээ ингэж төлөөгүй бол худалдан авагчийг бид төлбөрийн чадваргүй болсон гэж үзээд дараах арга хэмжээнүүдийг авах болно. Хэн ч юуг ч бидэнд үнэгүй зардаггүй. Бид ч гэсэн буяны ажил хийхгүй. Өөрөөр хэлбэл одоо үйлчилж буй гэрээнүүд хүчингүй болно” хэмээв.
Европын Холбоо болон Их Долоогийн бүлгийн орнууд өмнө нь байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх боломжгүйгээ мэдэгдсэн юм.
Хоёрдугаар сарын 24-нд Оросын цэрэг Украинд халдан довтолсны дараа рублийн ханш түүхэн доод хэмжээндээ хүртэл унасан бол сүүлийн өдрүүдэд буцаж сэргэх хандлагатай байна.
Европын ихэнх орнууд ОХУ-ын байгалийн хийн төлбөрийг еврогоор гүйцэтгэдэг. Европчууд одоо Оросын байгалийн хийн хамаарлаас салах арга зам хайж байгаа. АНУ саяхан шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэхээр болсон ч Оросын нийлүүлэлтийг нөхөх хэмжээнд хүрэхгүй юм. Украины хямрал Европ тивд байгалийн хийн үнийг хөөрөгдөөд байгаа. Путиний мэдэгдлийн дараа Их Британи, Нидерландад хийн үнэ тус бүр 4 ба 5 хувиар өсжээ.

0 cэтгэгдэлтэй