
Шүүгчээр томилох боломжгүй гэж Ерөнхийлөгчийн зүгээс чөлөөлсөн 13 хүний маргаан есөн жил үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт эцэслэгдэхээр болов. Шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл нэр бүхий 13 хүнийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал оруулах гэж байна. Тэгвэл үүний цаана яг юу болоод байна вэ?
Өмнө нь болсон явдал
2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр. Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөж эхэлсэн. Багц дотроо 6 хуулийг багтааж байсан нь:
- – Монгол Улсын шүүхийн тухай,
- – Шүүгчийн эрх зүйн байдлын тухай,
- – Хуульчийн эрх зүйн байдлын тухай,
- – Шүүхийн захиргааны тухай,
- – Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай,
- – Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль юм.
Багц хуулийн хүрээнд шүүхүүд тойргийн системд шилжиж, зохион байгуулалт бүтэц шинэчлэгдсэн тул Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж эрхийн хүрээнд 520 гаруй шүүгчийг чөлөөлөөд, дахин томилох шаардлага үүссэн. Ихэнх шүүгчийг томилсон. Харин 12 шүүгчийг томилоогүй үлдээжээ. 2015 онд хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд дахин нэг шүүгчийг томилоогүй үлдээв. Ингээд “13 шүүгчийн” гэдэг асуудал бий болов. Тэдгээр нь:
- 1. Аюушжав Сүрэнжавын, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч,
- 2. Батхүү Цэнд-Аюушийн, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч,
- 3. Ганзориг Лувсанжавын, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч,
- 4. Алтаннавч Доржсүрэнгийн, Налайх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч,
- 5. Булган Рашзэвэгийн, Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн шүүгч,
- 6. Гэрэлмаа Лхагвацэрэнгийн, Ховд аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн шүүгч,
- 7. Дима Баасайгийн, Ховд аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн шүүгч,
- 8. Жамбалсүрэн Цэрэндоржийн, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,
- 9. Мөнгөнцэцэг Чойнорын, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн шүүгч,
- 10. Наранбаяр Жамъянгийн, Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүхийн шүүгч,
- 11. Отгонтуяа Борисын, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн шүүгч,
- 12. Эрдэнэчимэг Дүгэрхүүгийн, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч,
- 13. Энхмаа Т., Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч юм.
Өнөө үед болсон явдал
Шүүхийн ерөнхий зөвлөлийн вэб сайтад дараах мэдээлэл гарчээ. Хэвлэл мэдээллийн хэлтсээс бэлтгэсэн уг мэдээллийн үндсэн агуулга нь дээр нэр дурдсан 13 шүүгчийг эргэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон тухай юм.
Ийнхүү томилуулах болсон нь шүүхийн шийдвэрээр баталгаажсан юм байна. Тухайлбал, эхний 12 шүүгчийн тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 0070 дугаартай шийдвэр гаргаж, нэр бүхий 12 хүнийг шүүгчээр томилуулах саналаа өргөн барихыг ШЕЗ-д даалгажээ.
Мөн ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамд хандан гаргасан шүүгч Т.Энхмаагийн хүсэлтийг хүлээн авч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна.
Өмнө болсон явдлын үндэслэл
Мэдээж шүүгчийг үйл ажиллагаагаа хэвийн явуулж байхад нь ажилд нь томилохгүй үлдээх нь шударга бус. Харин 2013 оны үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Өнөрбаяр энэ талаар Time.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Түүний ярилцлагаас эш татан хүргэе.
Нэгэн зүйл: Хоёр шүүгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хүнд ял өгсөн байсан. Тэр нь өөрөө Шүүхийн сахилгын хороогоор тогтоогдсон. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үйлдэл дээр хүнд ял өгнө гэдэг ноцтой зөрчил.
Нэгэн зүйл: Эхнэр нөхрийнхөө байнгын дарамт хүчирхийлэлд амьдардаг байж. Тэр хоёр хүнийг тусгаарлах ёстой байтал тэр шүүгч хувийн сэдлээр эвлэрүүлэх шийдвэр гаргасан. Тэрнээс болоод гэр бүл цуцлах шүүх хурал болохоос өмнө эхнэр нь өчнөөн удаа хутгалуулж амь насаа алдсан харамсалтай зүйл болсон.
Нэгэн зүйл: Нэг шүүгч албан өрөөндөө архидан согтуурч байгаад хэргийн оролцогч нартаа баригдсан нь Шүүхийн сахилгын хороогоор тогтоогдсон. Албан ажилтай гэж шүүх хурлаа хойшлуулчихаад арын өрөөндөө архидаж байсан шүүгчийн асуудал байгаа юм.
Нэгэн зүйл: Авлига, албан тушаалын үйлдэл гаргасан, хөрөнгө орлогоо мэдүүлэхээс татгалзсан, хөрөнгөө тайлбарлаж чадаагүй шүүгч нар бий. Заримынх нь дээд боловсролын шаардлага хангаагүй, дипломтой холбоотой асуудал ч байгаа.
Нэгэн зүйл: Нэг шүүгч мөрдөн байцаагч, прокурорын олон сар цуглуулж боосон хавтаст хэргийг алга болгочихсон тохиолдол байгаа. Тэр шүүгчдэд нэг удаагийнх нь тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг нь Шүүхийн ерөнхий зөвлөл шийдээд өгчихсөн.
Нэгэн зүйл: Нэг шүүгч нь авлига аваад, хэргийн нотлох баримтыг өөрчилсөн нь тогтоогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдсан. Гэм буруугаа хүлээнэ гэдэг чинь хэрэг хийснээ хүлээсэн гэсэн үг. Тухайн үед ч прокурорын байгууллагаас албан бичиг ирсний дагуу эргэж томилоогүй. Хууль зөрчсөн гэдэг нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон шүүгч нар байсан юм.
Эдгээр мэдээллийг яагаад ил болгоогүй тухайд ч Ч.Өнөрбаяр тайлбарласан байдаг.
“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үг бий. Хэсэг хүний мэргэжлийн алдаанаас болоод бүхэл тогтолцооны нэр хүндийг унагаахыг хүсээгүй. Нөгөө талаар, нэгэнт эхлүүлсэн тогтолцооны шинэтгэл чухал байсан учраас жижиг сажиг зүйлээр зүгээр ажлаа хийгээд явж байгаа нийт шүүгчдийн нэр хүндийг харлуулах зүйл болох вий гэдгээс болгоомжилсон” гэжээ.
Дүгнэлт: Гуя дагаж хүзүү
Үндэслэлүүдийг үзвэл зарим нь ёс зүйн, сахилгын шийтгэл оногдуулахуйц, харин зарим нь үнэхээр шүүгчийн эрхийг нь түдгэлзүүлэхүйц нөхцөл байдал ажиглагдана. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн саналаар нэг чөлөөлөгдсөн 13 хүнд яг адилхан хандаж нэг шийдвэрээр бүгдийг нь буцаан томилох нь “гуя дагаж хүзүү” гэдэг шиг гоомой шийдвэр болов уу. Үеийн үед шүүгчийн тухай гомдол гарч, цугларч л байдаг. Тэдгээрийг эрх бүхий байгууллага шүүн тунгааж, шийдвэр гаргаж буй нь зүйн хэрэг ээ. Нөгөө талаас хуулийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүний хувьд Ч.Өнөрбаяр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бусдын тухай баримт, үндэслэлгүй ярихгүй биз.
Дурдсан үндэслэлүүд дотор зарим ноцтой зүйлс бий. Авлигад холбогдсон, хэргийн материал засч өөрчилсөн үйлдэлтэй хүнээр хэн цаашид итгэж, намайг шударгаар шүүж байна гэж найдаж чадах вэ?

0 cэтгэгдэлтэй