Хятадын онгоцны ослын газарт хийх эрэн хайх, аврах ажиллагаа дуусжээ

               
2022-04-01 0

Хятадад “Chinа Eastern Airlines” агаарын тээврийн компанийн “БОИНГ 737” зорчигч тээврийн онгоц осолдсон газарт эрэн хайх, аврах ажиллагаа дууссан байна.

Энэ талаар Хятадын Иргэний нисэхийн удирдлагын газрын Нисэхийн аюулгүй байдлын албаны дарга Жю Тао хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Албаны хүний ​​хэлснээр, эрэн хайх, аврах ажиллагаа дууссаны дараа шинжээчид цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, гамшгийн нөхцөл байдлыг судлах ажлыг үргэлжлүүлнэ. Мөрдөн байцаалтын урьдчилсан дүн осол болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор бэлэн болно. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа ослын талаарх мэдээлэл,  тайланг бүрэн эхээр нь олон нийтэд мэдээлнэ хэмээв.

Тус онгоц гуравдугаар сарын 21-нд Хятадын Гуанси-Жюан өөртөө засах орны Ужоу хотын Тэн хошуунд осолдсон юм. Онгоц Куньмин-Гуанжоу гэсэн чиглэлд нислэг үйлдэж байжээ.

Гуравдугаар сарын 23-нд онгоцны эхний хар хайрцаг буюу бүхээгийн дуу хураагч /CVR/-ийг олж илрүүлсэн. “БОИНГ-737” онгоц нислэг үйлдэхийн өмнөх техникийн үзлэг шалгалтад тэнцэж, нисэхэд аюул эрсдэлгүй гэсэн үнэлгээ авсан байна.

Гуравдугаар сарын 26-нд ослын газраас цуглуулсан дээжээс тэсрэх бодис илрээгүй гэж албаныхан мэдээлжээ. “БОИНГ-737” онгоцонд 123 зорчигч, багийн 9 гишүүн зорчиж явсан ба бүгд нас барсан ба мэргэжилтнүүд 120 зорчигийн хэн болохыг тодорхойлж чадсан байна.

Холбоотой мэдээ