Герман, Франц улсууд Оросын хийн төлбөрийг рублиэр хийхгүй гэв

               
2022-04-01 0

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “найрсаг бус” орнуудтай байгалийн хийн худалдаа хийх тухай шинэ зарлигийн дагуу компаниуд Оросын банкнуудад данстай байж, төлбөрийг рублиэр хийх шаардлагатай болно гэж пүрэв гарагт мэдэгдсэн.

 Тэгвэл “Гэрээнүүдэд төлбөрийг еврогоор хийнэ гэж заасан бөгөөд цаашид ч еврогоор хийх болно. Бид Оросын хийн төлбөрийг гэрээнд тусгаснаас өөр валютаар хийхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Францын Эдийн засаг, сангийн сайд Бруно Ле Мэр Германы Эдийн засгийн сайд Роберт Хабектай хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Мөн өөр хэвлэлийн бага хурлын үеэр Р.Хабек, “Герман цаашид үүсэж болзошгүй бүх нөхцөл байдалд, түүний дунд Орос Европ руу хийн нийлүүлэлтээ зогсоох зэрэгт “бэлтгэлтэй” байгааг мэдэгдсэн бол Б.Мэр Франц Оросын хийн нийлүүлэлт зогсоход “бэлтгэж байгаа” талаар мэдээлжээ.

Германы Канцлер Олаф Шольц мөн пүрэв гарагт Берлин Оросын хийн төлбөрийг зөвхөн еврогоор хийнэ гэдгийг батлан мэдэгдсэн юм. Тэрбээр хэлэхдээ, “Бид хий болон бусад нийлүүлэлттэй холбоотой гэрээнүүдийг нягталсан. Тэдгээр баримт бичигт төлбөрийг еврогоор, зарим тохиолдолд ам.доллароор хийх боловч ихэнх тохиолдолд еврогоор хийнэ гэж заасан. Миний бие Оросын Ерөнхийлөгчтэй ярих үеэрээ мөн энэ хэвээрээ үргэлжилнэ гэдгийг тодорхой илэрхийлсэн” гэв.

Холбоотой мэдээ