
Зургийн эх сурвалж: MPA
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Монгол адууны нийгэмлэг, Амьтны эрх хамгаалах нийгэмлэгээс адууг эрлийзжүүлэхийн тулд Монгол азаргыг зэрэмдэглэж байгаа асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн жилүүдэд зарим уяачид гадаадаас импортоор цэвэр цусны азарга авчирч Монгол адууны удмын санд ноцтой нөлөөлөөд зогсохгүй адуун сүргийн манлай, үржлийн эцэг монгол азаргыг амьдаар нь ийнхүү тамлан зэрэмдэглэж буйг Монголын үндэсний морин уралдаан, уяачдчын холбоо, ”Монгол адуу” нийгэмлэгээс эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Импортын цэвэр цусны азарга нь монгол азарга шиг сүргээ хурааж, бэлчээрээр идээшилж чаддаггүй бөгөөд гүүнийхээ ороог тодорхойлох байгалийн төрөлх чанар байхгүй аж. Иймд импортын азаргандаа гишгүүлж хээлтүүлэг хийсэн гүүнийхээ хээлийг хамгаалах зорилгоор монгол азарганы үржлийн эрхтэн /сэлдий/-г нь тасдан туршуул нэртэй азаргыг бий болгон монгол адууг амьдаар нь зэрэмдэглэж, амьтны жам ёсны эрхийг ноцтой зөрчих үйлдэл улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд өргөжих болжээ.

Монголын үндэсний морин уралдаан, уяачдчын холбоо, ”Монгол адуу” нийгэмлэгээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарт шаардлага хүргүүлэх болсноо энэ үеэр мэдэгдлээ.
Энэхүү шаардлагад:
1. Гадаадаас импортын үржүүлгийн зориулалтаар цэвэр цусны азарга оруулж ирэхийг бүрмөсөн хориглох,
2. Төрийн сүлдэндээ дээдлэн тахисан, “Монгол адуу”-ныхаа эд эрхтэнг амьдаар нь тасдан зэрэмдэглэх харгис үйлдлийг Монгол Улсын хэмжээнд хатуу хориглож холбогдох тушаал шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

0 cэтгэгдэлтэй