
АНЭУ-ын Дубай хотноо “Дубай ЭКСПО-2020” дэлхийн үзэсгэлэн хаалтаа хийлээ. 2021 оны 10 дугаар сарын 1-нээс 2022 оны 3 дугаар сарын 31 хүртэл 183 хоногийн турш үргэлжилсэн тус зэсгэлэнг “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” уриан дор зохион байгуулсан юм. Манай улсын үзэсгэлэнг ГХЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж, Соёлын яам, БОАЖЯ, Монголын Үндэсний музей, Үндэсний Номын сан, “Зэв дижитал” нүүдлийн музей, “Эрдэнэс Тавантолгой” ХК дэмжин оролцлоо.
Монгол Улс дэлхийн 192 оронтой зэрэгцэн дэлхийн үзэсгэлэнд амжилттай оролцож, Монголын асарт 350 мянга гаруй хүн зочилжээ. Мөн АНЭУ-ын угсаа залгамжлах ханхүү, Дубайн гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум зэрэг олон орны төрийн дээд удирдлага манай улсын асраар зочилсон юм. Энэ үеэр буюу өнгөрсөн оны 11 дүгээр сард “Монголын Үндэсний Өдөрлөг” болон бизнес форум зохион байгуулж, Монголын талаас 40, АНЭУ-ын талаас 30 бизнес эрхлэгч оролцож, харилцан мэдээлэл солилцсон.

“Дубай ЭКСПО-2020”-ын ерөнхий сэдвийн хүрээнд Монгол Улсын асрыг тохижуулсан бөгөөд Монголын Үндэсний музей, Үндэсний Номын сангийн 100 гаруй үзмэр, гэрэл зурагчдын бүтээл, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Монголын асарт байршуулж сонирхуулсан сан юм. Үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч “Анна кашмир”, “Сайн түмэн кашмир”, “Сутайн гоёл”, “Хас гоёл”, Монтулга арьсан эдлэл, “Мэргэн тур”, “Хөх урлан”, “Агни”, “Энхжин сувенир”, “Говь гоо” компаниуд оролцож, Ноосон зангилаа эсгий, Асылмура казак урлал, Дора брэнд арьсан цүнх, Мон тү өв оюун ухааны музей оньсон тоглоом, “Тур хэндс”, Жасу гар урлал, Талын эзэн мимо угсардаг гэр зэрэг бараа бүтээгдэхүүний дээжийг танилцуулав. Түүнчлэн гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, Ч.Батзаяа, Балг.Баяр, Банз.Баяр, Б.Чадраабал, Б.Эрдэнэбулган, Л.Баяндорж нарын бүтээлүүд Монголын асрыг чимжээ.

0 cэтгэгдэлтэй