
Ховд аймгийн хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 1200 орчим суралцагч бий.
Иймээс ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, орон нутагт шинээр үүсэх ажлын байр, орон нутагтаа суралцах боломжуудыг танилцуулах зорилготой “Мэргэжил сонголт, ажил мэргэжлийн чиг баримжаа-Орон нутаг дахь боломж” сэдэвт үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа
Сурагчид өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж буй нийгэм, цаг үед боловсролын чиг хандлага хэрхэн хувьсаж, хаашаа чиглэж буйг, энэ эгзэгтэй цаг үед мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай эрдэмтэн багш нарын сонирхолтой лекцийг хүлээн авч, цаашдаа ямар мэргэжлийн хөтөлбөрийг сонгох нь өөрт тохирох, ирээдүйд үнэ цэнтэй байх тухай тодорхой мэдээлэлтэй болж байна.
Орон нутагт хийсэн судалгаагаар ирээдүйд лабораторийн эрхлэгч, хими технологич, техник ашиглалтын инженер, малын эмч, геологич, электроник инженер зэрэг дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарын мэргэжлүүд эрэлт хэрэгцээтэй ажлын байрны тоонд багтжээ.
Дээрх үйл ажиллагааг Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ажлын алба, Ховд их сургууль, Хөгжил политехник коллеж, Алтайн зам, Вестерн холд ХХК зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүллээ.
Ингэхдээ Ховд их сургууль, Хөгжил политехник коллежид бэлтгэж буй мэргэжил, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг нээлттэй танилцуулсан бөгөөд багш оюутнуудын зүгээс анги тэнхим, лаборатори, мэргэжлийн онцлогийг сурталчлах үзэсгэлэн яармаг, нийтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Мөн мэргэжил сонголтын талаарх зөвлөгөөг газар дээр нь үзүүлж, сурагчдаас судалгаа авч байна.

1 сэтгэгдэлтэй
Цэндсүрэн