
Афганистаны засгийн эрхийг гартаа авсан хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн орон даяар намуу цэцэг тариалахыг хоригложээ. Ийм захирамжийг тус хөдөлгөөний дээд удирдагч Хайбатулла Ахунзада гаргасан байна.
“Бүх афганчуудад одоо намуу цэцэг тариалахыг хатуу хориглосныг мэдэгдэж байна” гэж талибуудын удирдагчийн тушаалд онцлон тэмдэглэснийг Афганистаны “Bakhtar” агентлаг ням гарагт эш татан мэдээлжээ. “Талибан”-ы дээд удирдагчийн шийдвэрийг зөрчсөн хүмүүсийг шариатын хуулийн дагуу шүүх бөгөөд олдсон бүх ургацыг нэн даруй устгах аж.
Үүнээс гадна, Ахунзадагийн зарлигаар “бүх төрлийн мансууруулах бодис, түүнчлэн мансууруулах бодис агуулсан эм, согтууруулах ундаа хэрэглэх, тээвэрлэх, худалдаалах, экспортлох, импортлохыг хориглосон байна”.
АНУ цэргээ татах шийдвэрээ зарлан мэдэгдсэний дараа “Талибан” хөдөлгөөн Афганистанд хяналтаа тогтоох томоохон ажиллагааг эхлүүлсэн юм. 2021 оны наймдугаар сарын 15-нд талибууд нийслэл Кабул хотыг тулалдаан хийлгүйгээр эзлэн авсан бол Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвэн гарсан билээ.

0 cэтгэгдэлтэй