
Украинтай байгуулах гэрээний төслийг хоёр улсын удирдагчдын уулзалтад өргөн барихад хараахан бэлэн болоогүй байна.
Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, Украины талтай хийж буй хэлэлцээнд оролцогч Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдэгджээ. Тэрбээр Украины эрх баригч “Ард түмний зарц” намын дарга Давид Арахамиягийн хоёр талын хэлэлцээний талаарх мэдэгдэлд тайлбар хийхдээ хэлсэн байна.
“Украины тал төвийг сахих болон цөмийн зэвсэггүй улсын статустай холбоотой асуудалд илүү бодитой хандах болсон ч гэрээний төсөл дээд хэмжээний уулзалтад өргөн барихад бэлэн болоогүй байна” гэж В.Мединский ням гарагт “Telegram” хуудсандаа бичжээ.
Украины төлөөлөгчдийн гишүүн Давид Арахамия бямба гарагт мэдэгдэхдээ, “ОХУ Крымийн асуудлыг тооцохгүйгээр Украины байр суурийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ. “Крым, Донбассын статусын талаарх Оросын байр суур өөрчлөгдөөгүй хэвээр байгааг дахин давтан хэлье” гэж В.Мединский тэмдэглэсэн байна.
Оросын төлөөлөгчдийн тэргүүний мэдэгдсэнээр, гэрээний текстийг боловсруулах ажлыг дөрөвдүгээр сарын 1, 2-нд шинжээчид, төлөөлөгчдийн түвшинд цахим хэлбэрээр хийсэн бөгөөд Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ даваа гарагт үргэлжлэх юм.

0 cэтгэгдэлтэй