
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хохирсон шүүгчдийг томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр, “Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндсэн хуульд зааснаар шүүхийн бие даасан болон шүүгчийн хараат бус байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй.
Энэ хүрээнд бүтэн есөн жил шийдэгдэхгүй байсан буюу Үндсэн хуулийн цэц, шат шатны шүүх, Ерөнхийлөгч, УИХ, УИХ-ын Байнгын хороо, Хуульчдын холбоо гээд яваагүй газаргүй болоод байсан шүүгчдийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн буюу хохирсон шүүгчдийг томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.
Тухайн шүүгчдийг өмнө нь түдгэлзүүлсэн асуудал огт байхгүй бөгөөд эгүүлэн томилох Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй өдийг хүрсэн.
Өөрөөр хэлбэл, өмнөх Шүүхийн тухай хуулийн 15.2-т зааснаар Ерөнхийлөгч шүүгчийг томилох, томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж байсан ч аль ч шийдвэр нь гараагүй өдий хүрсэн гэсэн үг. Тиймээс шүүгчид эс үйлдэхтэй холбогдуулж гомдол гарган шат шатны шүүхээр дамжин, Үндсэн хуулийн цэц хүртэл явсан.
Иймд ШЕЗ нь Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд заасан үндсэн үүргийн дагуу тухайн шүүгчдийг томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ” гэв.
Үргэлжлүүлэн “ШЕЗ нь хуулийн дагуу томилох саналыг өргөн мэдүүлдэг. Харин шүүгчийг томилох, томилохоос татгалзах эрх нь Ерөнхийлөгчид байдаг. Гол нь 2021 оноос хэрэгжиж байгаа Шүүхийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч шүүгчийг томилохоос татгалзсан тохиолдолд түүнийхээ үндэслэлийг тайлбарлах ёстой болсон” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

0 cэтгэгдэлтэй