Доллар шилжүүлсэн хөгтэй түүх

               
2022-04-04 0
Зургийн эх сурвалж: MPA

Валютын өсөлт, төгрөгийн уналтад “идэгдэж” бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан Монголын өнөөгийн эдийн засгийн чөлөөт уналтын үед “Монголоос зайлах” хүсэлтэй залуус шил дараалан зогсож, гадагшаа гарах гарц хайсаар. Эдгээр залуусын нэгт гадаад гарах боломж тохиосон ба зуучлагч компаний урьдчилгаа төлбөр болох 550 ам.долларыг тухайн байгууллагын банкны дансанд шилжүүлсэн “хөгтэй” түүхээ манай редакцид уламжлав.

Монголбанкнаас гадаад валютын төгрөгтэй харьцах ханшийг тогтоодог. Тус ханшаар өнөөдрийн байдлаар /2022.04.04/ 1 ам.доллар 2970 төгрөгтэй тэнцэж буй. Гэсэн хэдий ч арилжааны банкуудад ам.долларын болон бусад валютын бэлэн гүйлгээ хийхийг хоригложээ. Харин валютын хар зах болох “Найман шарга” төвийн валют арилжаачид ам.долларыг 3200 орчим төгрөгөөр борлуулж байна. Өөрөөр хэлбэл хар захаас гуйн түүн нэг ам.доллар тутамд Монголбанкны ханшнаас 200-300 төгрөгөөр ахиу үнээр бэлэн валют худалдаж авах нөхцөл үүсээд байна.

Харин өнөөдрийн гүйлгээ хийсэн иргэний хувьд түүнд бэлэн валют авах шаардлага үүсээгүй ба гадаадын орон руу зуучлагч байгууллагын үйлчилгээний хөлс болох 550 ам.долларыг тус байгууллагын данс руу шилжүүлэх шаардлага л үүссэн аж. Бэлэн бус гүйлгээ учир банкны зүгээс ямар нэгэн асуудал гарахгүй байх гэсэн горьдлогын дагуу Монголбанкны ханшийг харан юуны магад хэмээн 1 ам.долларыг 3000 төгрөгөөр тооцоолон 1.650.000 төгрөгийг бэлнээр авч нэр бүхий банкны салбар дээр очжээ. Гэтэл валютын гүйлгээг нэг сая төгрөгийн хязгаартайгаар хийж буй гэх. Хэдээр тооцож байгааг нь лавлатал 2988 төгрөгөөр бодож байгаа аж. Харин хязгаар нь нэг сая төгрөг. Гэтэл тухайн иргэн 1.65 сая төгрөгтэй дүйцэх гүйлгээ хийх шаардлагатай. Энэ талаар нь банкны мэргэжилтнээс асуухад “Та яг ямар шалтгаанаар энэхүү гүйлгээг хийх гэж байгаа учраа манай төв хэлтэсд мэдэгдэж, цаанаас зөвшөөрсөн тохиолдолд гүйлгээ хийх боломж бүрдэнэ” хэмээн төв салбарынхаа тухайн асуудлыг хариуцсан ажилтны дугаарыг өгөв. Тухайн хүнд учир байдлаа хэлтэл “азаар” гүйлгээг зөвшөөрсөн хариу өгсөн ч дотоод сүлжээгээр хэлцлийн гэрээ шилжүүлэх учир 5-10 минут хүлээх шаардлагатай болжээ. Энэ бүхний эцэст теллерээс теллер дамжсаар үйлчлүүлэгч ямартай ч нэг долларыг 2988 төгрөгөөр бодуулан гүйлгээгээ амжилттэй шилжүүлжээ.

Энэ талаараа тэрбээр “олзуурхан” ярьж байгаа нь бидний өнөөгийн нүүр царай ямар өрөвдөлтэй байгааг харуулж байна. Харамсалтай нь дээрх үйл явц өдөр ирэх тусам улам хүнд болсоор л. Урин дулаан цаг ирж, аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан хар зах дээр валют улам өсөх нь гарцаагүй болов уу. Тав, зургаадугаар сард доллар 4000 хүрлээ гээд яриад сууж байх магадлал өндөр байгаа талаар Найман шаргын ченж нар жиг жуг хийж байгаа нь ч иргэдийн чихийг сортосхийлгэж байна.

Холбоотой мэдээ