
Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам БНХАУ-ын засаг захиргааны энэхүү онцгой бүсэд ирэх тавдугаар сарын 8-нд болох сонгуулиар хоёр дахь удаагаа улиран сонгогдохгүй байхаар шийдсэнээ даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
“Би засаг захиргааны тэргүүний зургаа дахь удаагийн сонгуулийн кампанит ажилд оролцохгүй. Таван жилийн бүрэн эрхийнхээ хугацааг энэ оны зургаадугаар сарын 30-нд дуусгавар болгоно” гэж Кэрри Лам мэдэгджээ. Тэрбээр төрийн албанд 42 жил ажилласныхаа дараа тэтгэвэртээ гарч, гэр бүлдээ цаг заваа зориулна гэж хэлсэн байна.
Кэрри Лам залгамжлагч нь хэн байж болох талаарх таамаглалд тайлбар өгөхөөс татгалзжээ. “South China Morning Post” сонинд мэдээлж буйгаар, Хонконгийн засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга (хоёр дахь чухал албан тушаал) Жон Ли нэрээ дэвшүүлэх бодолтой байна. Тэрбээр өнгөрсөн оны зун хүртэл Аюулгүй байдлын нарийн бичгийн даргын /сайд/ албыг хашиж байсан бөгөөд үүнээс өмнө цагдаагийн байгууллагад олон жил ажиллажээ. Харин Жон Ли сонгуулийн өрсөлдөөнд оролцох талаараа одоогоор мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Хонконгийн засаг захиргааны тэргүүний сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл ням гарагт эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 16 хүртэл үргэлжлэх аж. Гэсэн хэдий ч нэр дэвшигчдийн жагсаалт одоог хүртэл гараагүй байгаа бөгөөд БНХАУ-ын засаг захиргааны энэхүү онцгой бүс дэх хамгийн өндөр албан тушаалд хэн өрсөлдөх боломжтой, Бээжин хэнд бооцоо тавьж байгаа нь тодорхойгүй хэвээр байна.
Сонгуулийг гуравдугаар сарын 27-нд явуулах ёстой байсан боловч “COVID-19”-ийн улмаас тавдугаар сарын 8-нд болгож хойшлуулжээ. Хонконгийн хамгийн өндөр албан тушаалтныг сонгогчдын коллегийн санал хураалтаар сонгогдог.

0 cэтгэгдэлтэй