
“Nawpa Pacha” сэтгүүлд нийтлэгдсэн тайланд дурдсанаар 100 гаруй жилийн турш дэлхийн хамгийн алдартай археологийн дурсгалт газруудын нэг болох Мачу Пикчуг буруу нэрлэж байсныг дурдсан байна.
Эртний хотыг барьсан Инкүүд үүнийг Хуайна Пикчу гэж нэрлэсэн байх магадлалтай гэнэ. Хуайна нь “шинэ, залуу” гэж орчуулагддаг бол Пикчу нь уугуул Кечуа хэлээр “уулын оргил” гэсэн утгатай гэж Сидар хотын Өмнөд Ютагийн их сургуулийн антропологийн профессор Эмили Дин тайлбарлажээ. Харин Мачу гэдэг нь “хуучин” гэсэн утгатай тул “хуучин уулын оргил” гэж орчуулагдах юм.
Чикагогийн Иллинойсын их сургуулийн антропологийн профессор Брайан Бауэрийн хэлснээр, уг суурин нь 1420 онд Инкийн эзэнт гүрний нийслэл Кузко хотод амьдардаг хааны инкүүдийн эдлэн газар болгон баригдсан гэж үздэг. Испаничууд дараа нь Инкүүдийг эзлэхэд Хуайна Пикчу гэх нэр хаягдсан хэмээн тайланд дурджээ.
Хэдийгээр нутгийн анхны нэрийг олж мэдсэн ч “Мачу Пикчу” нэрээр хэдийн олонд танигдсан бөгөөд маш олон ном, зохиол гарсан тул хэвээр үлдээх магадлалтай байгаа юм.
Эх сурвалж: CNN

0 cэтгэгдэлтэй