Монгол хүнд өвдөх эрх “байхгүй”

               
2022-04-05 0
Зургийн эх сурвалж: MPA

Иргэд ажил эрхлэлтийн хэв маягаасаа хамааран сар бүр 3200-12800 хүртэлх төгрөгийг эрүүл мэндийн даатгалд төлдөг. Гэтэл дийлэнх хүмүүс үүндээ таарсан үйлчилгээ авч чадахгүй эсвэл ямар үйлчилгээ авч болохоо ч мэдэхгүй өдийг хүрчээ. Тэгвэл эрүүл мэндийн даатгал төлсөн иргэн хамгийн багадаа хоёр сая, хамгийн ихдээ 28 сая хүртэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлүүлж болох үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байхаас илүүтэй чухал асуудал нь иргэдэд эрүүл мэндийн зөвөлгөө, тусламж үзүүлэх боловсон хүчин манай улсад дутмаг байгаа явдал билээ. Энэхүү асуудлыг илүү ойлгомжтой тайлбарлахын тулд нэгэн иргэнд тохиолдсон бодит явдлыг жишээ болгон бичлээ.

НҮДНИЙ “ДАЙСАН” ХАВРЫН ШУУРГА

Монгол орны хувьд цөлжилтөд өртөмтгий буюу хуурай, гандуу бүс нутаг 90 орчим хувийг хамардаг. Харамсалтай нь хотын бүсэд ч ногоон байгууламж хангалттай байдаггүйгээс үүдэн хаврын улиралд шороон шуурга дэгдэх нь элбэг үзэгдэл. Иргэн Д оройн 18:00 цагийн орчимд ажлаа тараад гэртээ харихаар 19-р хорооллын автобусны буудал руу алхжээ. Энэ үед гэнэт хүчтэй шороо шуурч, нүдэнд нь жижигхэн шилний хэлтэрхий шиг зүйл орсон тул загатнаж, хорссон нүдээ хэсэг нухалжээ. Үүний улмаас нүдэнд нь орсон зүйл хөдөлгөөнгүй шигдчихэв. Нүдээ анивчих төдийд өвдөж, гэмтсэн нүд нь орчны барааг сайн харж чадахгүй байсан тул автобусанд суухаа болиод танилаа дуудан нүдний эмнэлэг рүү хөдлөв.

ДУНДЖААР 20:00 ЦАГААС ХОЙШ ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ

Интернэтээс хайж үзэхэд гарч ирсэн 24 цагийн гэх тодотголтой нүдний эмнэлэгт очсон боловч 20:00 цагийн үед хэдийн хаасан байжээ. Иймд нэгдүгээр эмнэлгийн яаралтай тасагт хандахаар очсон ч орой болсон тул сувилагч нь хаалгаа бариад, дотогш иргэдийг оруулахгүй зогсож байлаа. Түсламж үзүүлэхгүй, ядаж мэдээлэл өгөх ч ажилтан харагдаагүй тул гарч ойролцоох хувийн эмнэлгүүдийн хаалгыг татаж үзэв. Дийлэнх эмнэлэг оройн 19:00-21:00 цагийн хооронд хаадаг тул хандах газар ховор үлджээ. Ийнхүү “Мөнгөн гүүр” гэх хувийн эмнэлэгт хандахаар замдаа гарч оройн 21:20 цагийн орчимд очив. Үүдний хаалга нь цоожтой байсан тул хүлээн авах утас руу нь залгаж нөхцөл байдлаа тайлбарлав. Гэтэл ажил тарах цаг дууссан тул гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөв. Үүний дагуу хөдөлж, гэмтлийн эмнэлэгт 21:40 цагийн орчимд очлоо. Энэ бүх хугацаанд нүдээ анивчих тоолонд өвдөлт мэдрэгдэх тул аль болох хурдан эмчлүүлэх нь чухал байсан аж.

ХҮНД СУРТАЛД “ИДЭГДСЭН” УЛСЫН ЭМНЭЛГҮҮДИЙН ТӨРХ

Гэмтлийн эмнэлэгт оройн цагаар ч хүн ихтэй байв. Ийнхүү дарааллаа хүлээж байгаад хүлээн авах ажилтнаас нүдээ гэмтээсэн бол ямар тасагт очих ёстойгоо асуужээ. Гэтэл “Энд нүд үзэхгүй, гуравдугаар эмнэлэг рүү яв” гэх тайлбарыг өгсөн байна. Ахиад л хоосон хаалга мөргөсөн ч өвдөхийн эрхэнд Улсын гуравдугаар эмнэлгийг зорилоо. Мөн л хүн ихтэй боловч нүдний эмч байгаа бололтой. Хүлээн авах дээр нь очоод оочерлон 20-иод минут хүлээгээд үзүүлэх бичгээ авах гэтэл “Нүд чинь өвдсөн гэсэн үү? Чи бараг энд байгаа хамгийн хөнгөн өвчтөн байна” гэх хариултыг өгсөн байгаа юм.

Тухайн иргэн цагийн хуваариас болоод хувийн эмнэлэгт үйлчлүүлж чадаагүй бөгөөд  улсын аль ч эмнэлгээс тусламж аваагүй юм. Өглөө болж нүдний эмнэлэгт үйлчлүүлэн нүдээ үзүүлэхэд тэрхүү жижиг хэлтэрхий нүдэнд нь удаан байснаас анивчих тоолонд торлог бүрхэвч нь зурагдсан байна гэх хариуг өгчээ. Нүдийг нь эмчилж дуусаад хоёр төрлийн дусаалга өгч тогтмол хэрэглэхийг зөвлөсөн байна.

Шүд өвдөх элбэг тул сүүлийн үед өвдсөн үедээ хандаж болох 24 цагийн эмнэлэгүүд олширсон. Харин нүд өвдөхөд хандах эмнэлэг, яаралтай зөвлөмж өгөх дуудлагын утас ч байдаггүй аж. Манай улсад өнөөдрийн байдлаар Улсын эрүүл мэндийн 4,575 байгууллага, Клиникийн болон төрөлжсөн мэргэжлийн 26 эмнэлэг, төвүүд байгаа бол хувийн 1,732 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Үүний 236 нь нүдний эмнэлэг байдаг аж. Харин 24 цагийн үйлчилгээтэй юмуу 24 цаг утсаар яаралтай зөвөлгөө авах эсвэл хаана хандвал зохих тухай мэдээлэл өгөх дуудлагын төв дутмаг байгаа нь нэг иргэнд тохиолдсон явдлаас харагдаж байгаа юм.

С.Хонгорзул

Холбоотой мэдээ