Цэвдгийн гэсэлтээс хамгаалах хоолой суурилууллаа

               
2022-04-05 0

Монгол орон цэвдгийн тархалтаараа дэлхийд тавдугаарт ордог ба нийт газар нутгийн 29.3%-ийг цэвдэг эзэлдэг. 

Цэвдэг гэдэг нь тэг буюу түүнээс доош температурт хоёр буюу түүнээс дээш жил хөлдүү төлөвт орших хөрс чулуулгийг хэлнэ. Цэвдэг нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын нийт хуурай газрын 24%-ийг эзэлдэг бөгөөд 48 улс орны газар нутагт ямар нэг хэмжээгээр тархсан байдаг. Нийт цэвдэгт бүс нутгийн 95 орчим хувь нь таван улсын газар нутагт ногддог бөгөөд ОХУ, Канад, Хятад, АНУ-ын дараа манай улс ордог байна.

Уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр мөсний агууламж ихтэй, дулаан цэвдэг (-2°С-ээс их температуртай)-тэй бүсэд цэвдэг эрчимтэй алдарч, тухайн газарт баригдсан хатуу хучилттай зам, замын байгууламжид суулт, хэв гажилт ихээр үүсэж байгаа талаар цөөнгүй судалгааны ажил хийгдсэн байдаг. Иймд тухайн цэвдэгтэй бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөнд дасан зохицсон хийц, технологиор инженерийн шугаман байгууламж болох авто зам, төмөр зам, замын байгууламжийг барих нь цэвдэгтэй улс орнуудын инженер, техникийн ажилчид болон эрдэмтэн судлаачдын анхаарах гол асуудлуудын нэг.

Монгол Улс нь нийт 112,414.2 км авто замын сүлжээтэйгээс 14,918.7 км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаардаг. Үүний 48.5 хувь буюу нийт 7,227.5 км нь хатуу хучилттай зам юм. Үүнээс 1,424 км зам цэвдэгт бүс нутгийг дайран өнгөрч байгаа боловч зам барилгын ажлын зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажлын явцад цэвдгийн нөхцөлийг тооцоогүй байна.

зураг 

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн2017-2019 оны хооронд Шинжлэх Ухаан Технологийн Сангаас санхүүжүүлж, ШУА-ийн Газарзүй- Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын судлаачдын хэрэгжүүлсэн “Зарим авто замын дагуух цэвдгийн судалгаа” сэдэвт ажлын хүрээнд Архангай, Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий аймгийн нутагт явуулсан судалгааны үр дүнгээс үзэхэд цэвдгийн онцлог, цэвдэгтэй хөрсөн дээр барих замын далангийн хийц технологийн асуудлуудыг огт тооцоогүй барьсан замууд 1-5 жилийн дараа хотойж суух зэргээр хэвийн зорчих нөхцөлийг алдагдуулдаг болохыг тогтоосон. Замын гадаргад 20-40 см хүртэл хотойж, зарим хэсэгт дагуу хагарлууд үүссэн байна. Эдгээр суултууд нь цэвдэгт агуулагдаж байгаа мөсний хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байдаг. 

Үүнээс гадна Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын зохицуулагч Б.Баян-Амгалан, Ай Си Ти Сайн Консалтинг ХХК-ийн зөвлөх багийн ахлагчийн орлогч Ч.Энхжаргал, тус замын үндсэн гүйцэтгэгч Чайна Хуаши ХК-ийн багийн ахлагч Дэнзэн нарын хүсэлтээр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын ЭШТА доктор Я.Жамбалжав тэргүүтэй судлаачдын баг Бураатын даваа орчмын авто замын эвдрэлийн шалтгааныг тодорхойлох цэвдэгт- инженер геологийн судалгааг 2021 оны зургаадугаар сарын 18-наас долдугаар сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэсэн.

Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дахь Бураатын давааны авто замын далангийн эвдрэлтэй хэсгүүдэд геофизикийн цахилгаан эсэргүүцлийн томографын хэмжилт хийж, хэмжилт баталгаажуулах, дээж авах, цэвдгийн температур хэмжих зорилгоор цооногууд өрөмдсөн. Бураатын даваа нь цэвдгийн үргэлжилсэн болон тасалданги тархалтай бүслүүрт оршдог. Өрөмдлөг болон геофизикийн хэмжилтээр авто замын далангийн эвдэрсэн хэсгүүдэд мөсний агууламж ихтэй цэвдэг илэрсэн юм.

Энэхүү судалгаагаар авто замын далангийн доорх мөсний агууламж ихтэй цэвдэг гэсэж, замын далангийн гадарга хотойж, сууж байгааг тодорхойлсон.Замын эвдрэлийг зогсоохын тулд цэвдгийн дээд хэсгийн улирлаар гэсэж, хөлддөг “идэвхтэй давхарга”-ын гэсэлтийг тогтоон барих ёстой. Үүний тулд Монгол орны нөхцөлд арав гаруй жил туршиж, практикт нэвтрүүлсэн “Хөлдөөгч хоолой (Термосифон)”-г авто замын далангийн доор суурилууллаа.

Термосифон хоолой гэдэг нь 2 фазын  пассив хөргөх төхөөрөмж бөгөөд агаарын температур нь хөрсний температураас хүйтэн болсон үед тэр хүйтнийг хөрсний гүнд дамжуулдаг онцлогтой. Хөргөлтийн шингэнд нүүрс хүчлийн давхар ислийг (CO2) ашигласан байна. Термосифон хоолойн битүүмжлэл алдагдахгүй тохиолдолд, өвлийн улиралтай бүс нутагт тус хоолой нь ямар нэгэн нэмэлт эрчим хүч шаардагдахгүйгээр хэдэн арван жил ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл термосифон хоолой нь өвлийн хүйтэн жавраар ажилладаг, сэргээгдэх эрчим хүч ашигладаг төхөөрөмж юм.зураг 

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн

Замын далангийн доор суурилуулсан термосифон хоолойн ёроолын температур нь 2021.11.25 – 2022.02.26-ны хооронд хамгийн багадаа -14°С хүртэл буурсан бол тогтвортойгоор -8°С-аас -10°С-ын хооронд оршино.

Бидний хяналтын мэдээгээр термосифон хоолой замын доорх цэвдгийн идэвхтэй давхаргын дээд хилийг маш сайн хөргөж, цэвдгийн гэсэлтийг тогтвортой барих боломжтойг баталж байна хэмээн ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг Судлалын Салбараас мэдээллээ.

Холбоотой мэдээ