Товчхон
               

Б.Энхбаяр: Сануулах арга хэмжээг дэмжихгүй

               
2022-04-05 0
Зургийн эх сурвалж: MPA

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Уг өөрчлөлтөд сануулах арга хэмжээ авдаг болох асуудлыг тусгасан байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

“Зөрчлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сануулах гэдэг арга хэмжээ нэмэгдэж байгаа юм байна. Энэ нь зарим хүнд сайхан сонгогдож байгаа байх. Торгодог, сануулдаг энэрэнгүй болъё гэж байгаа юм байна.

Ямар үед сануулах вэ гэдгээ ялгах ёстой. Хуулийн төсөлд танхайрсан, олон нийтийн газарт бие зассан, жагсаал цуглаан зөвшөөрөлгүй хийсэн, олон нийтийн, үйлчилгээний газарт тамхи татсан, хүний гэр оронд зөвшөөрөлгүй зураг дарсан, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчсон, тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гар утсаар ярьсан, цэргийн зарлан аваад очихгүй байгаа үед, хурд хэтрүүлсэн үйлдлүүдэд сануулах арга хэмжээ авна гэж байна. Үүнийг дэмжихгүй. Ингэж болохгүй. Эдгээр үйлдлүүдэд торгуулийн арга хэмжээ авах ёстой.

Хурд хэтрүүлсэн тохиолдолд торгох ёстой. Цаана нь хүний амь намыг хамгаалж байгаа хэрэг. Зөрчлийн хууль гэдэг бол гэмт хэргээс хамгаалж байгаа хэлбэр юм.

Анх энэ хуулийн хэлэлцэж байх үед гэр бүлийн хүчирхийллийг торгож, баривчлах гэлээ гэж шүүмжилж байсан. Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шийтгүүлж байгаа хүний тоо нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ үүний дүнд санаатайгаар хүний амь нас хохироосон хэргийн тоо буурсан.

Танхайрч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, нус цэрээ хаа явсан газраа нийж, хогоо хаядаг байж болохгүй. Одоо хотын соёл, дадалд суралцах хэрэгтэй байна. Хотод амьдарч байгаа бол бусдын эрхийг хүндэтгэж, дэг журамд захирагдах ёстой. Арай гэж соёлд төлөвшиж байхад сануулдаг болно гэж байгаа нь double standart бий болгох гэж байна. Яагаад гэвэл хэнийг торгох вэ, хэнд нь сануулах арга хэмжээ авах вэ гэдгээ тухайн цагдаа л шийднэ. Энэ бол царай харна гэсэн үг. Төр өөрөө иргэнд тэгш бус ялгамжтай ханддаг болж байна гэсэн үг. Дарга нарыг бол “За танд сануулъя” гээд харин дээрэлхэж болмоор хүнээ шууд торгоно. Тиймээс сануулах арга хэмжээг тооцоо, судалгаатай ярих ёстой гэж бодож байна” гэв.

Холбоотой мэдээ