Л.Оюун-Эрдэнэ: Төв банкны Ерөнхийлөгчийг чээжээрээ хамгаалж байгаа минь үнэн

               
2022-04-05 0

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

“Төв банкны ерөнхийлөгчийг чээжээрээ хамгаалж байна гэж асуулаа. Тиймээ энэ үнэн. Яагаад гэвэл одоогийн нөхцөл байдалд ингэхээс өөр арга алга. Шулуухан хэлэхэд энэ бүхэн дөнгөж эхэлж байна. Том хэмжээний хямрал болох эрсдэл бидний өмнө байна. Төв банкны ерөнхийлөгч одоо өөрчлөгдлөө гэхэд шинэ хүн ирнэ. Багаа бүрдүүлж, ажилтайгаа танилцана. Өмнөх хүн нь огцорсон байдаг. Шийдвэртэй алхам хийж чадахгүй. Энэ нь Монгол улсад л хохиролтой. Сангийн бодлого, мөнгөний бодлого хоёр дахиад л салангид явна гэсэн үг.

Зарим арилжааны банктай холбоотой асуудлаар Төв банкруу дайрч байгааг би ажиглаж байгаа. Хэзээ ч арилжааны банк төлөөний ямар нэгэн улс төрчөөр дамжуулан Төв банкинд дарамт учруулахыг би улс төрчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Цаашдаа ч ийм байж болохгүй. Нэг хэсэг Төв банк нь Худалдаа хөгжлийн банкны охин компани болсон байсан. Одоо дахин өөр нэг компанийн охин компани болж болохгүй. Төв банк хэнээс ч хараат бус шийдвэр гаргаад явдаг байх хэрэгтэй. Иймд би улс төрийн эх баригч намын даргын хувьд хамгаалж байна. Төв банкны Ерөнхийлөгч үлээхэд өнхөрдөг байж болохгүй.

Олон улсын хямрал, үнийн өсөлт хаа сайгүй явагдаж байна. Гэхдээ энэ нь манай улсад биш, хилийн чанадад л өрнөж байгаа. Бид асуудлуудад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байна. Хэдий манай улсын эдийн засаг ганц нүүрсэн дээр тогтож байгаа нь үнэн боловч одоохондоо тогтвортой байна. Хэцүү цаг үед зоригтой ажиллаж байгаа багаа би хамгаална. Түүнчлэн ямар нэг зүйл дээр алдаа гаргасан, авлигатай холбогдсон тохиолдолд би улс төрийн хамгаалалт хийхгүй“ хэмээв.

Холбоотой мэдээ