НӨАТ-ын сугалааг буцаан олголтод шилжүүлбэл бид хэдэн хувийг буцаан авах боломжтой вэ

               
2022-04-06 3

НӨАТ-ын буцаан олголт, сугалаатай холбоотой мэдээлэл сүүлийн хэдэн өдөр олны анхаарлын төвд ороод байна. Бид нийт худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ хоёр хувийг буцаан олголтоор авдаг ба энэ хэмжээг 10 хувь болгож нэмэгдүүлэх саналыг иргэдийн зүгээс гаргаад байгаа билээ.

Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтоос гадна сар бүр сугалаат хонжворын тохирлыг зохион байгуулдаг. 2016 онд НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж , сар бүр урамшууллын сугалаа зохион байгуулж эхэлсэн боловч өдий хүртэл нэг ч удаа сугалаанд хожиж үзээгүй иргэд олон. Гэтэл зарим иргэн хэд хэдэн удаа сугалаанд хожиж бэлэн мөнгө авдаг. Тодруулбал, нэг иргэн 37 удаа азтан болж мөнгө хожсон тухай мэдээлэл ч цацагдаж, НӨАТ-ын сугалаанд иргэд эргэлзэх байдал аргагүй үүссэн тохиодол ч бий.

Сард нийт бүртгэгдэж буй сугалааны баримт болон нийт хонжворын дунджийг бид харьцуулж үзсэн юм. Сүүлийн нэг жилийн мэдээнээс үзэхэд сард 30-35 сая ширхэг баримт-ыг E-barimt системд иргэд маань бүртгүүлж, сугалаанд оролцжээ.

Үүнээс сар бүр:
⦁ 30 мянган төгрөгийн азтан – 30 мянга орчим,
⦁ 100 мянган төгрөгийн азтан – 3 мянга орчим,
⦁ 500 мянган төгрөгийн азтан – 300 орчим,
⦁ 1.5 сая төгрөгийн азтан – 20 орчим,
⦁ Гурван сая төгрөгийн азтан – 2-3 буюу сард дунджаар 33 мянга гаруй баримтад НӨАТ-ын сугалааны хожил таарч, эзнийх нь дансанд мөнгө шилжих болдог юм байна.

Эдгээр иргэний сугалааны хонжвор нийтдээ 1.4 тэрбум орчим төгрөг болдог ба энэ нь нийт бүртгэгдсэн баримтын үнийн дүнгийн хэдэн хувь болохыг бид холбогдох байгууллагуудаас тодруулсан. Харамсалтай нь, Сангийн яам, Татварын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд бидэнд албан ёсны тоо мэдээллийг өгөхөөс татгалзсан болохыг энд тэмдэглэе.

Төрийн албаны байгууллага статистик тоо мэдээгээ нийтэд мэдээлэхээс татгалзсан учир бид нэг ширхэг баримтыг хамгийн багаар (1000 төгрөгөөр) тооцоод үзлээ. Ингэхэд сард 30 тэрбум төгрөг (30 сая 1000 төгрөгөөр үржихэд) төрийн санд хуримтлагддаг ба үүний 1.4 тэрбум буюу 4.6 хувийг НӨАТ-ын сугалааны хонжворт, 2 хувийг буцаан олголтод зарцуулдаг байгаа юм.

Энэхүү тооцооллоор НӨАТ-ын сугалааг бүрэн цуцалж, буцаан олголтын 2 хувьд нэмэн нийт баримт бүртгүүлсэн иргэдэд буцаан олгох зарчим үйлчилж эхэлбэл бид 6.6 хувийн буцаан олголт авахаар болох юм.

Гэвч энэ бол бодит бус тоо болохыг дахин сануулъя. Зах зээл дээр нэг баримтын дундаж үнийн дүн 5000 төгрөг гэж тооцоолбол сард 150 тэрбум орчим төгрөгийн баримт бүртгэгдэж байгаа гэсэн үг юм. Энэхүү тооцооллыг та ч хийх боломжтой ба сард 30 сая баримт бүртгэгдэж байгаагийн нэг бүрийн үнийг дурын үнийн дүнгээр тооцоолон сугалааны хонжворт зарцуулагдаж буй 1.4 тэрбум төгрөгтэй харьцуулан хувийг гаргаж ирэх боломжтой.

Б.Амарбаясгалан

Холбоотой мэдээ