“Жангар” хүүхдийн жүжгийн уран бүтээлчид “Гэгээн Муза” наадамд нэр дэвшлээ

               
2022-04-06 0

“Гэгээн Муза” наадам 2022 оны зургаадугаар 4-11-нд зохион байгуулагдахаар товлогджээ. 

Тодруулбал, зургаадугаар сарын 3-10-нд шалгаруулалтын тоглолтууд болох бол 11-нд “Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа” болох юм.

Энэ жилийн наадмын онцлог нь “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулж “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал, “Бэсрэг жүжгийн ангилал” буюу “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагналыг тус бүр уламжлал болгон олгож байхаар болжээ.

Түүнчлэн “Гэгээн Муза-16” наадмаас эхлэн театрын судлал шүүмжлэлийг хөгжүүлэх, залуу судлаачдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний бүтээл туурвилыг нийтийн хүртээл болгох зорилгоор “Урлагийг хүртээх – урлаг” төслийг санаачлан хэрэгжүүлж наадмын үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж байгаа аж.

Наадмын шүүгчээр Монгол, Оросын холбооны Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Словен, Люксенбург, Грек улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцоно.Нэр дэвшигчдээс онцолбол, хамгийн олон төрөлд УДЭТ-ын уран бүтээлчдийн бүтээл “Анна Каренина”, Орфей театрынхны бүтээл “Гэм зэм” жүжиг нэр дэвшсэн байна.

Түүнчлэн Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Жангар” хүүхдийн жүжиг “Гэгээн Муза”  олон улсын театрын наадамд найман төрөлд нэр дэвшин өрсөлдөхөөр болж уран бүтээлчид нь гэрчилгээгээ гардан авчээ.

Хүүхдийн “Жангар” жүжгийн уран бүтээлчдээс

  • Шилдэг жүжгийн зохиолч: СТА Д.Мэндсайхан
  • Шилдэг найруулагч: СТА Э.Ёндоншарав
  • Шилдэг зураач: СТА С.Ариунболд
  • Шилдэг хөгжмийн зохиолч: Ё.Эрдэнэбаатар
  • Шилдэг эрэгтэй гол дүр: А.Цэрэнбалжир
  • Шилдэг эмэгтэй гол дүр: Ө.Мөнхнасан
  • Шилдэг эрэгтэй туслах дүр: СТА Б.Сандуйжав
  • Шилдэг эмэгтэй туслах дүр: Б.Ариунзаяа нар нэр дэвшжээ.

Холбоотой мэдээ