
Зургийн эх сурвалж: MPA
УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Иргэд, ААН-үүд тайлбар сонсохыг хүсэхгүй байгаа. Дайн байлдаан, ковид зэрэг асуудлыг та нар шийдсэн байх ёстой, үүний төлөө ажиллаж байгаа биздээ гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс бид бодитой хариултуудыг өгөөд явах нь л чухал.
Хоёрдугаарт, инфляцыг яаж тогтоон барих бол гол тулгамдаж байгаа асуудал. Мөнгөний бодлогыг чангаруулах нь сөрөг нөлөөлөлтэйг Сангийн сайд мэдэж байгаа. Ажилгүйдэл нэмэгдэнэ, мөнгөний бодлогоор хийх гэж байсан олон ажлууд хойш ухарна. Үүнийг яаж давах туулах асуудалд бидний өмнө ирж байна. Бид санхүү мөнгөний асуудалд үнэхээр замбараагүй ирсэн. Хэрэв би гүйцэтгэх засаглалд ажиллаж байсан бол улаан нүүрээ улалзуулаад гаднаас мөнгө олж ирэх байсан. Тайлбар тавихгүй байсан. Хийж чадна гэж сонгогдсон бол түүнийгээ хийх л ёстой” гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар шалтаглаад байгаа зүйл үгүй. Өнөөдөр шийдэл оруулж ирж байна. Олон нийт юу гэж үзэж байгаа нь нэг асуудал. Бодит байдал дээр нөхцөл байдал хүндэрвэл өөр асуудал. Тийм учраас энэ хуулийг оруулж ирэн тодорхой байр суурь илэрхийлж байна” гэлээ.

0 cэтгэгдэлтэй