
АНУ-аас Тайваньд 95 сая ам.долларын үнэ бүхий зэвсэг нийлүүлэх санал тавьсныг БНХАУ эрс эсэргүүцэж, зэмлэн буруушааж байгаагаа лхагва гарагт мэдэгдээд, уг төлөвлөгөөгөө цуцлахыг АНУ-д уриалсан байна.
“АНУ Тайваньд зэвсэг худалдаалах нь “Нэг-Хятад” бодлого, Хятад-АНУ-ын гурван хамтарсан мэдэгдэл, ялангуяа Наймдугаар сарын 17-ны мэдэгдлийн үзэл санааг ноцтой зөрчиж, Хятадын бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын ашиг сонирхлыг сулруулж, Хятад-АНУ-ын харилцаа, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж байна” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Пентагоны Батлан хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлагийн мэдээлснийг эш татан уламжилснаар, АНУ-ын Төрийн департамент “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах систем болон холбогдох тоног төхөөрөмжтэй холбоотой худалдаа хийхийг зөвшөөрсөн байна.
“АНУ “Нэг-Хятад” бодлого, Хятад-АНУ-ын гурван хамтарсан мэдэгдлийг чанд мөрдөж, зэвсэг худалдаалах төлөвлөгөөгөө цуцалж, Тайваньд зэвсэг худалдаалах, цэргийн харилцаа тогтоохоо зогсоох хэрэгтэй” гэж Ж.Лижянь хэлээд, Хятад улс бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалахын төлөө тууштай хийгээд хатуу арга хэмжээ авсаар байх болно гэжээ.

0 cэтгэгдэлтэй