
Зургийн эх сурвалж: MPA
Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн сэтгэл зүйч М.Болорцэцэг өнөөдөр боловсролын салбар дахь хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ тэрбээр хэвлэлийн хурал хийгээд зогсохгүй, үсээ хусуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Тэрбээр “2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр орос хэлний багш хүүхдэд бие махбодын хүчирхийлэл үзүүлсэн. Ширээн дээр сандал, сандлын хажууд сурагчийн цүнх нь байсан юм байна лээ. Цүнхээ авах гэж байгаад сандал унагааснаас болж багш нь хүүхдийн биед гэмтэл учруулсан.
Хүүхэд хэсэг хугацаанд газар хэвтэж уйлсныхаа дараа гэртээ харьсан. Ээж нь юу болсныг асуухад үнэн учрыг хэлсэн байгаа юм. Хүүхэд хичээлдээ явах хүсэлгүй болсон байсан учраас би эргэж очин, гэрийнхэнтэй нь болон хүүтэй ганцаарчилж уулзсанаар 28-наас хичээлдээ ирсэн. Хүүгийн биеийн байдлын хувьд баруун талын гуя хөхөрсөн байсан” гэв.

“Боловсрол, шинжлэх ухааны сайдтай уулзах хүсэлтээ албан бичгээр илэрхийлээгүй тул сайдын энэ долоо хоногийн уулзалтын хуваарьт багтаагүй байна. Төрийн ордонд болж буй Монголын Эдийн засгийн чуулганд сайд Л.Энх-Амгалан оролцож байгаа тул түүнтэй өнөөдөр уулзах боломжгүй”-г БШУЯ-ны хэвлэлийн албанаас мэдээлэв. Иймд Бага, дунд боловсролын хэлтсийн даргатай уулзуулахаар болсон юм.

0 cэтгэгдэлтэй