ОХУ-ыг Хүний эрхийн зөвлөлөөс хасах асуудлыг хэлэлцэнэ

               
2022-04-07 0

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх асуудлыг тус байгууллагын Ерөнхий Ассамблей /ЕА/ пүрэв гарагт хуралдаж, хэлэлцэхээр болжээ.

Энэ асуудлыг хэлэлцэх саналыг АНУ болон хэд хэдэн улс гаргасан байна. ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргахын тулд дэлхийн 193 орноос бүрддэг ЕА-н гишүүдийн гуравны хоёрынх нь санал шаардлагатай.

Үүний өмнө АНУ ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хасах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. НҮБ-д суугаа тус улсын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд үндэсний олон нийтийн радиодоо /NPR/ ярилцлага өгөхдөө, Орос улсыг Хүний эрхийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс хасах нь “бэлгэдлийн шинжтэй” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Учир нь түүний хэлснээр, ОХУ “олон улсын дэг журмыг алдагдуулах, НҮБ-ын үнэт зүйлсийг аюулд оруулж болзошгүй бүх зүйлийг хийсэн байна”.

АНУ-ын энэ саналыг Их Британи дэмжсэн байна. Киевийн ойролцоох Буча хотоос энгийн иргэдийн цогцос олноороо олдсоны дараа Орос улс НҮБ-ын Хүний ​​эрхийн байгууллагын гишүүн хэвээр үлдэх боломжгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Лиз Трасс мэдэгджээ.

Дээрх асуудалтай холбогдуулан ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэл хийхдээ, ОХУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн үйл ажиллагаанд оролцохгүй байх нь энэхүү байгууллагын олон талт байдлыг алдагдуулна гэсэн байна.

Буча дахь үйл явдалд цэргүүдийг нь буруутгаж байгааг ОХУ няцаасан. Эдгээр буруутгал нь иш үндэслэлгүй, нотлох баримтгүй гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя мэдэгджээ.

Холбоотой мэдээ