ЦЕГ: Жагсаалд оролцсон 20 гаруй иргэнийг түр саатуулан шалгаж байна

               
2022-04-08 0
Зургийн эх сурвалж: MPA

Ажлаа хий уриалгатай иргэдийн тайван жагсаал өчигдөр 10.00 цагаас эхэлж өнөөдөр өглөө үүр цайтал үргэлжилсэн. Мөн одоо ч төв талбай дээр зарим иргэд жагсаалыг үргэлжлүүлсэн хэвээр байгаа юм. Цагдаагийн ерөнхий газраас урд шөнийн жагсаалын үеэр илэрсэн зөрчил, баривчлагдсан иргэд байгаа эсэх талаар мэдээллийг өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал “Өчигдөр тайван жагсаал 10.00 цагаас эхэлсэн. Цагдаагийн байгууллагын зүгээс энэ бүх хугацаанд хяналт тавин ажилласан. 18.00 цагийн үед ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар залуустай уулзах үед, ус ундааны сав, талх шидэх зэргээр эсэгүүцлийн үйлдэл үзүүлсэн. Энэ явцад нэг эмэгтэйгийн тархи хагарсан. Тиймээс бид жагсаалд оролцож байгаа залууст анхааруулж сануулан тухай бүрт нь хэлсэн. 19.00 цагаас хойш жагсаалын бүтэц өөрчлөгдсөн. Нас, үзэл бодлын хувьд өөр төрлийн залуус жагсаалд оролцож, бусдыг турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргаж эхэлсэн. Бид удаа дараа анхааруулсан.

Сүүлдээ цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, үйл ажиллагаанд саад учруулах, төрийн тусгай объект руу халдах үйлдлүүдийг гаргасан. Согтууруулах ундаа хэрэглэсэн залуус олноор гарч ирсэн. Мөн улсын онцгой объект болох Их тэнгэрийн аманд очиж жагсаалаа үргэлжлүүлсэн. Улмаар Сүхбаатбаатарын талбайд ирж төрийн тусгай хамгаалалттай объект руу халдах үйлдлүүд хийсэн. Алба хаагчдын тархи толгойг хагалсан хэргүүд ч гарсан. Жагсагчдын дунд насанд хүрээгүй иргэд, хүүхдүүд ч байсан учир урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн 03.40 цагт албадлагын арга хэмжээ авч жагсаалыг тараасан.

Жагсаал тараах үеэр эсэргүүцэл илэрхийлж байсан. Одоогийн байдлаар 20 гаруй иргэнийг түр саатуулан шалгаж байна. 18 хүнээс согтолтын зэрэг тогтоогдсон. Буруу хараад зогсож байсан хүнийг гулд татаад өшиглөсөн зүйл байхгүй” гэлээ.

Холбоотой мэдээ