Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй

               
2022-04-08 0

Үнийн өсөлтийн эсрэг нэгдсэн иргэд Засгийн газрыг “Ажлаа хий” хэмээн шаардаж, төв талбайд жагсаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаж буй иргэдтэй уулзахаар Сүхбаатарын талбайд иржээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

“Өнөөдөр Монгол Улсад төдийгүй дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Засгийн газар хуулийн төсөл оруулсан. Энэ долоо хоногт багтаж УИХ батална гэдэгт итгэж байгаа. Хууль батлагдсанаар 1,000 төгрөгөөр өсөх бензиний үнийг тогтвортой барих боломжтой гэж тооцож байгаа. Бензинийг бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас тийм ч амар биш байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Надаас өөр хэн ч байлаа гэсэн, бурхан байлаа ч энэ асуудлыг шийдэх боломжгүй.

Бид зах зээлийн нийгмийг сонгож авсан. Төр бүх юмны үнийг шууд тогтоодог байсан нийгэм бол 1992 оноос өмнөх үе. Бид эргээд тийм зүйлд орж болохгүй. Гэхдээ Засгийн газраас махны үнийг буулгахын төлөө, будааны үнийг буулгахын төлөө, гурилын үнийг буулгахын төлөө, эм, эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө, бензиний үнийг тогтвортой барьж, буулгахын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэдгийг та бүхэндээ амлаж байна. Гэхдээ энэ бүхэн амар биш. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.

Түүчлэн өчигдөр орой болсон жагсаалын үеэр залуучууд хог хаялгүй, соёлтой байсныг сайшаасан бөгөөд сайн дураараа жагсахаар ирсэн залуучуудыг буруугаар ашиглан улс төрийн явуулга болгох эрсдэлтэй байгааг анхаарууллаа.

Залуусын төлөөлөл:

“Авлига албан тушаалын хуулийг 2021 онд өөрчилж УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд өөрсдийгөө шалгадаг хуультай. Энэ хуулийг өөрчилмөөр байна” хэмээн шаардлагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд:

“УИХ-ын гишүүд өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгодог, ах дүү хамаатан саднаа томилдог асуудлын эсрэг би үргэлж тууштай зогссоор ирсэн. Сая ярьсан хуулийг ирэх долоо хоногийн Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн бүрэлдэхүүнд оруулъя.

Түүнээс гадна, Хөгжлийн Банктай холбоотой нэр бүхий улс төрчид шалгуулж, хэрвээ буруутай бол хариуцлагаа хүлээх ёстой. Өмнө нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан эсэх нь хамаагүй бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байх хэрэгтэй. Би цаашид авлигын эсрэг хамт байна гэдгээ хэлье. Ордонд хүч мөхөствөл би яг ингэж талбай дээр гарч ирээд бодитой асуудлыг ярих болно” хэмээв.

Холбоотой мэдээ