Товчхон
               

Д.Сумъяабазар: Зөв төлөвлөлт, хот байгуулалт, дижитал шинэчлэлээр хотоо хөгжүүлнэ

               
2022-04-08 0

“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт” салбар хуралдаан боллоо. Тус хуралдаанд оролцогчдын байр суурийг хүргэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Хотын асуудал бол 1.6 сая иргэний нягтаршил, эдийн засаг юм. Өнгөрсөн онд нийслэлийн төсөв 29 тэрбум төгрөг байсныг 900 тэрбум болгон нэмэгдүүлж чадсан. Тиймээс хотын хөгжлийн үндэс нь бие даасан эдийн засаг юм. Хот, хөдөөгийн сэргэлтийг ярихын тулд эрх зүйгээр, үндэс сууриар нь хараач гэж хэлмээр байна. Хууль эрх зүй, тогтолцооноос үүдэлтэй хүндрэл учирч байна. Тиймээс зөв төлөвлөлт, хот байгуулалт, дижитал шинэчлэлээр хотоо хөгжүүлнэ. Бид судалгаа, тооцоо, техник, эдийн засгийн үндэслэлүүдийг гаргаад явж байна. Бидэнд маш их боломж бий, дааж давшгүй ачаа биш.  

Нөгөөтээгүүр хязгаар нутаг, хөдөөгийн хөгжлийг давхар ярих хэрэгтэй. Хөдөөгийн хөгжил хоцрогдож байна. Бүсчлэлээ зөв тавьж чадахгүй байна. Тиймээс системийн хувьд нь өөрчлөлт хийгээсэй гэж хүлээж байгаа. 21 аймагтай хотыг дүйх ямар ч боломжгүй. Улаанбаатар хотын эдийн засаг 28 их наядад хүрсэн байна. ДНБ-ий 74 хувийг үйлдвэрлэж байна, 150 мянган аж ахуйн нэгж байна, их, дээд сургуулийн 96 хувь, мөнгөний эргэлтийн 86 хувь хотод ногдож байгаа. Тиймээс зоригтой бөгөөд дорвитой шийдэл рүү ормоор байна. Шийдэл бол эрх зүйн чадамжийг нэмэгдүүлж, системийг зөв болгоно гэсэн юм.

Д.Оюунхорол: Бүс нутгуудын хөгжилд бодлогын чанартай шинэчлэл хэрэгтэй

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол:

-Чингис хаан олон улсын нисэх буудлаа түшиглэн Хөшигийн хөндий орчимд 31 мянган га газрыг Засгийн газар улсын тусгай хэрэгцээний газар болгож авсан. Өчигдөрхөн 1000 га газрыг эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоол гарлаа. Ингэснээр хувийн хэвшлийнхэн маань татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломж бүрдэнэ. Хөшигийн хөндийд 150 мянган хүн ажиллаж амьдрах суурьшлын бүс байгуулна. Энэ нь хотын статустай байгаасай гэж хүмүүс хүсэх байх. Өмнө нь бид Дархан, Эрдэнэт хотоо аймаг болгон өөрчилсөн нь бүс нутгийн хөгжилд ухралт болсон.

Залуус соёл, хөгжлийг дагаж амьдрах хүсэлтэй байгаа. Монголчуудын үнэт зүйл маш их өөрчлөгдсөн. Тиймээс бүс нутгуудын хөгжилд бодлогын чанартай шинэчлэл хийх хэрэгтэй байна. Төр бол дэд бүтцийг шийднэ. Бусдыг хувийн хэвшлийнхэн маань гүйцэтгэх юм. Дэлхийн олон улс орнууд нисэх онгоцны буудлаа түшиглэсэн хотуудыг бий болгож, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, тээвэр ложистикийн төв байгуулсан. 2010 оноос хойш 83 орон нисэх буудлаа түшиглэн хот байгуулсан байдаг. Эдгээр сайн загваруудаас санаа авч ажиллах нь зүйтэй болов уу.

А.Ганхуяг: Хот хүн амын төвлөрлөө боломж болгох нь чухал

Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг:

-Хотын төвлөрөлийг буруутгах талаас нь маш их ярьдаг. Төвлөрөл бол хоёр талтай зүйл шүү. Өнөөдөр Улаанбаатар хотод 1.6 сая хүн аж төрж байгаа нь манай Худалдааны танхимын харж байгаагаар боломж юм. Дэлхийн аль ч улсад хот, муждаа олон хүн авчрахын төлөө өрсөлдөж байдаг. Тэгж байж тэр хот, бүс нутаг хөгждөг. Гэхдээ муу үр дагавар бий. Муу үр дагаврыг зөв байлгахын төлөө удирдагч болгон зүтгэдэг болов уу. Тиймээс хотоос хүнээ явуулах гэхээсээ илүү хүн амын төвлөрлөө хэрхэн боломж болгож хөгжих вэ гэдэг бодлогыг хэрэгжүүлэх нь чухал. Учир нь хүн амаа дагаад эдийн засаг хөгжиж байна. Магадгүй алсдаа орон нутагт дэд бүтэц сайжирмагц хүмүүс хөдөөг зорьж амьдрах байх. Дэд бүтэц Улаанбаатарт байхад хүмүүс наашаа л зүтгэнэ.

С.Амарсайхан: Дагуул хотыг байгуулахдаа хөдөөг хөгжүүлэх бодлоготойгоо уялдуулах шаардлагатай

Шадар сайд С.Амарсайхан:  

-Манай улс цөөн хүн амтай, өргөн уудам нутагтай, хүн амын дийлэнх олонх нь залуучууд. Орчин цагийн хөгжил хаана байна, Улаанбаатар хотод. Тэгэхээр залуучууд хөгжлийг дагадаг. Үүнээс болоод залуус хотод суурьшиж байна. Сум орон нутагт очоод харахаар төрийн алба дагасан цөөн хүн аж төрж байдаг. Тиймээс бүсчилсэн хөгжилтэй уялдуулаад Замын-Үүд, Цагааннуур, Алтанбулаг, Хөшигийн хөндийн чөлөөт бүсүүдэд  хөгжлийг бүтээж чадвал төвлөрөл саарна. Үүнийг дагалдаад эдийн засаг хөгжиж, ажлын байр нэмэгдэнэ. Жишээ нь, Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр барихад 500-1000 ажлын байр бий болно. Улаанбаатарын дагуул хотыг байгуулахдаа хөдөөг хөгжүүлэх бодлоготойгоо уялдуулах шаардлагатай юм.

Ж.Мөнхбат: Нэг стратегитай болж, нэг зүг рүү харах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Сүүлийн 30 жилд бид дэлхий нийтийн хэв маяг, стандартын хаана явна вэ гэдгээ эргэж харах хэрэгтэй байгаа юм. Хот, хөдөөгийн сэргэлтийн асуудалд нэгдсэн бодлого алга. Тэр байтугай нэг бодлого, баримт бичиг нь нөгөөгөө хааж, боогдуулсан байх жишээтэй. Эдийн засгийн хөгжлийн яаман дээр Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр, Барилга хот байгуулалтын яаман дээр хүн амын нутагшил, суурьшлын ерөнхий төсөл, нийслэлд болохоор Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө байна. Эдгээр дөрвөн баримт бичиг нь дөрвөн янзын хуулиар зохицуулагддаг. Дөрвөн яам, дөрвөн байгууллага нь өөр өөрсдийнхөө оролцоо, нөлөөллийг дөвийлгөж явсаар байгаад бие биеэ чөдөрлөчихсөн. Тиймээс энэ бүхнийг нэг стандартад оруулж, уялдуулах шаардлагатай. Тэгж байж цааш явна гэсэн юм.

Өнгөрсөн 30 жилд дур дураараа дургисан бас нэг алдаа бидэнд бий. Засгийн газар бүр бүрэн эрхийнхээ хугацаанд бодлого боловсруулж ажилласан. 17-18 Засгийн газрын нүүр үзсэн гэхээр нэг Засгийн газар 1.6 сар л ажилласан байх гээд байна. Тиймээс нэг стратегитай болж, нэг зүг рүү харах хэрэгтэй байна. Дээрээс нь төсвийн сахилга батыг сахиж байж хөгжилд хүрнэ гэлээ.

“Хот, хөдөөгийн сэргэлт” салбар хуралдаанд иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд Улаанбаатар хотын хаягжилт, томоохон зах, худалдааны төв, их, дээд сургуулийг нүүлгэх, орон нутаг руу шилжиж буй иргэдийн урамшуулал зэрэг асуудлыг хөндсөн асуулт асууж байлаа.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Холбоотой мэдээ