У.Хүрэлсүх: УИХ, Засгийн газар нэр төдий биш дорвитой арга хэмжээ авч, сэтгэл гаргаж ажилла

               
2022-04-11 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын Байнгын хорооны дарга нар, Засгийн газрын гишүүдтэй цаг үеийн асуудлаар уулзлаа.

Тэрбээр “Миний бие хоёр удаа гадаад болон дотоод нөхцөл байдлын талаар ярьсан. Хүнсний аюулгүй байдал, зам тээврийн асуудал, шатахууны асуудал зэргээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг би Засгийн газрын гишүүд болон УИХ-ын гишүүдэд сануулж хэлж байсан. Сануулж хэлээд ажлаа сайн хий гэсээр байтал өнөөдөр ийм нөхцөл байдалд бид тулаад байна. Дэлхий дахины нөхцөл байдал хүнд байгааг бид хаана хаанаа ойлгож байгаа.

УИХ, Засгийн газар харилцан уялдаа холбоотой байж ажлаа сайжруул. Хурдан шуурхай арга хэмжээ ав. Дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчилж, шаардлагатай гэж үзвэл төсвийн тодотгол хий. Ор нэр төдий биш дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна. Нэн ялангуяа үнийн хөөрөгдөл, эрчим хүчний асуудлууд дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Хүнсээ гаднаас авмааргүй байна. Дотоодынхоо хүнсний хэрэгцээг бүрэн хангадаг улс болох шаардлагатай. Сэтгэл гаргаж ажилла. Зориг гарга. Энэ талаар та бүхэн сайн ярилц. Маш тодорхой асуудлуудыг ярих хэрэгтэй. Ард түмэнд худал ярьж болохгүй. Ард түмэндээ үнэнээ хэл. Чадах юмаа чадахаар нь, чадахгүйгээ чадахгүйгээр нь хэл. Ингэвэл ард түмэн чинь ойлгоно. Дээр нь хэрэгцээгүй бүх зардлуудыг тана. Яаралтай арга хэмжээ авч шуурхай ажилла” гэлээ.

Холбоотой мэдээ