Товчхон
               

Т.Хулан: АНУ-д Соёлын хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн харц нь хүртэл гялалзаад, өөртөө итгэлтэй болсон байдаг

               
2022-04-12 1

Ковидын улмаас хоёр жил орчим хугацаанд хаалттай байсан дэлхийн улс орнуудын хил нээснээр хүүхэд залууст гаднын орнуудад суралцах, аялах, ажиллах боломжууд нээгдэж буй. Үүнтэй холбогдуулан Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциаци НҮТББ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Хулантай ярилцлаа.

-Сайн байна уу, юун түрүүнд та өөрийгөө болон байгууллагаа товч танилцуулна уу?

-Сайн байна уу. Намайг Т.Хулан гэдэг. Би Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциаци НҮТББ-ын үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг. Найм дахь жилдээ энэ байгууллагадаа ажиллаж байна. Байгууллага маань 1999 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Энэ хугацаанд олон хөтөлбөрүүдийг үйл ажиллагаандаа нэмсээр ирсэн үндсэн гурван чиглэлтэй.

Нэгдүгээрт: Гадаад болон дотоодын хэлний бэлтгэлийн хөтөлбөрүүдэд үйлчлүүлэгчдээ хамруулдаг. Тухайлбал Дотооддоо IELTS, TOEFL, SAT зэрэг шалгалтуудад бэлтгэдэг. Гадаад сургалтын тухайд Флиппин, АНУ, Герман зэрэг орнуудад хэлний бэлтгэлд хамруулдаг.

Хоёрдугаарт: Соёлын солилцооны хөтөлбөрүүд. Үүнд: АНУ-д дээд боловсрол эзэмших зорилготой сурагчдад зориулсан ахлах ангийн сурагчдын сурагч солилцооны хөтөлбөр, Америкийн өвлийн болон зуны зуслангийн хөтөлбөр, Оюутнуудад зориулсан Work and travel хөтөлбөр буюу 4А хөтөлбөр гэдгээр илүү мэддэг. Мөн мэргэжлийн дадлагажих хөтөлбөр бий. Энэ нь Австрали Улс, АНУ-д мэргэжлээрээ цалинтай дадлага хийх хөтөлбөр юм. Хөдөө аж ахуй, Архитектур, Тогооч, Бизнесийн удирдлага, Маркетинг зэрэг чиглэлээр тухайн орнуудад цалинтай дадлага хийх хөтөлбөр. 2019 оноос хойш H2B буюу АНУ-д загасны үйлдвэрт ажиллуулах хөтөлбөрийг үйл ажиллагааны чиглэлдээ нэмсэн.

Гуравдугаарт: үйл ажиллагааны чиглэл нь гадаадад тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрүүд юм. АНУ-ын их, дээд сургуулиудад ядуу буурай орнуудыг дэмжих сангийн тэтгэлэгт хамрагдаад 30-80 хувийн тэтгэлэг авах боломжтой. Мөн БНХАУ, БНСУ-д тэтгэлгээр суралцуулах зэрэг хөтөлбөрүүд бий.

– Үйлчлүүлэгчдийн хувьд хамгийн ихээр аль хөтөлбөрийг сонгож үйлчлүүлж байна вэ?

– Соёлын солилцооны хөтөлбөрүүд буюу ахлах ангийнхны сурагч солилцоо, Work and travel хөтөлбөр болон тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрүүд мөн сүүлийн үед АНУ-д ажиллах хөтөлбөр болон хэлний бэлтгэлийг ихээр сонирхох болсон.

-Танай байгууллага үндсэндээ зуучлалын үйлчилгээ үзүүлж байна. Монгол Улсад зуучлалын үйлчилгээ үзүүлдэг олон байгууллага бий. Хамгийн чухал нь энэ төрлийн байгууллагаар үйлчлүүлэхдээ иргэд юуг анхаарах ёстой байдаг вэ?

– Манайх бол боловсрол зуучлалын байгууллага. Бид аль болох үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг сонсож, тодорхойлон тэр хүнд хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл, чиглэлийг өгөх зорилгоор хөтөлбөрүүдээ танилцуулдаг. Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагынхаа хүрээнд биднийг зориод ирсэн хүмүүст олон улсын хэмжээнд боловсролын төлөвлөгөөтэй болох шинэлэг сүүлийн үеийн хэрэгтэй зөвлөгөө, зааварчилгааг хүргэхийг юун түрүүнд урьтал болгодог.

Олон улсад боловсролын зуучлалын үйлчилгээг явуулж буй байгууллагын хувьд нэг зүйлийг илүү өргөн хүрээнд ойлгуулахыг зорьдог. Монгол Улсын хэмжээнд гадаад харилцаагаар зохицуулагдаж байгаа боловсрол, соёлын солилцооны хөтөлбөрүүдийг улс эх орныхоо хэмжээнд онцгой сайн явуулж, олон улсын харилцааны бодлого зохицуулалтад хариуцлагатайгаар оролцож байгаа. Мөн дээрхи хөтөлбөрүүдэд оролцоход яг тохирсон зөв хүнээ бүртгээд Элчингийн визний ярилцлагад оруулдаг тул Элчингийн зүгээс бидэнд маш том итгэл, хариуцлага хүлээлгэн визийг олгодог. Тиймээс энэ бол олон улсын боловсрол соёлын солилцооны өргөн хүрээтэй гадаад харилцааны ажлыг зуучлагч бид хийдэг гэдгийн албан ёсоор хэлмээр байна.

Зуучлуулагч нар сошиалаас болон бусад хэлбэрээр авч байгаа мэдээллийг илүү сайн нухацтай үзэх хэрэгтэй. Зарим байгууллагуудын зар сурталчилгааг харахад эх үүсвэр нь тодорхойгүй, тухайн хүний мөнгийг л авах ашиг сонирхол өндөртэй сурталчилгаа явуулж байгаа нь илт харагддаг. Тэрэнд хүмүүс итгээд хохирох тохиолдол байна. Энэ нь Боловсролын чиглэлээр зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын нэр хүндийг унагаж байдаг. Тиймээс тухайн зар мэдээллүүд хэр үндэслэлтэй болохыг нь судалж мэдэх хэрэгтэй.

– Зуучлагч байгууллага нь ямар олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг,

– Ямар туршлагатай,

– Хууль эрх зүйн хүрээнд гэрээ хийхдээ заалтуудыг маш сайн харж, гарын үсэг зурахын өмнө тухайн үйлчлэгч байгууллагын ажилтнуудаас сайн асууж аль аль талдаа үл ойлголцолгүй байх хэрэгтэй. Явах хүртлээ болон явсны дараа хөтөлбөр хэрхэн үргэлжлээд хэзээ яаж дуусах зэрэг маш тодорхой байх ёстой.

– Монголын төгрөгийн ханш ам.доллар болон евротой харьцахад өндөр зөрүүтэй байдаг. Үүнээс шалтгаалаад олон улсын хамтрагч байгууллагуудтай харилцан хоёр талаас хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаагаа чанартай хэмжээнд хэрэгжүүлэх явцад аливаа шалтгаанаар харилцагч гэрээгээ цуцлах шийдвэр гаргах тохиолдол хийгдсэн ажлуудад зарцуулсан тодорхой хэмжээний суутгалууд гардаг. Харамсалтай энэ суутгалууд нь тухайн орнуудын хувьд бага хэмжээтэй болох ч Монголчууд бидэнд үнэтэй тусдаг. Тухайлбал 300 ам.долларын суутгал авлаа гэхэд ханшийн зөрүүнээс болж бараг нэг сая төгрөг болно. Энэ нь Монгол хүнд өндөр сонсогддог ба суутгалын нөхцөлийг ойлгох, эрсдэлээ тооцож гэрээгээ хийх хэрэгтэй.

No photo description available.

-Түрүүний асуултад энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага байгаа талаар дурдсан. Танайх тэдгээр байгууллагуудаас юугаараа ялгарах вэ?

– Манай байгууллагын хувьд олон улсад манайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын стандартыг хангаж ажилладаг. Та манай байгууллагад орж эмнэлэгт үйлчлүүлж байгаа мэт боловсролын цогц үйлчилгээ өгөхийг хичээдэг. Танд яг ямар хэрэгцээ шаардлага байгаа, танд тохирсон боловсролын ямар үйлчилгээг бид санал болгох, тухайн үйлчилгээг авахад таны одоогийн түвшин ямар байгааг нь тодорхойлох, санхүүгийн боломж бололцоо бага тохиолдолд бид банкны  зээлийн үйлчилгээтэй холбон харилцагчаа дэмжиж ажилладаг.

– Монголдоо хамгийн ууган 23 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа итгэл хүлээлгэсэн найдвартай байгууллага гэдгээрээ.

–       Гадаадын хамтарчид олон улсын томоохон байгууллагууд бидэнтэй багадаа 10 жилийн хамтын ажиллагааны түүхтэй найдвартай түншүүдтэй

–       Удаан хугацаанд тогтвортой ажилласан учир элчингүүдтэй маш сайн хамтарч ажилладаг. Бид зөв хүнээ, зөв хөтөлбөрт нь хариуцлагатайгаар оролцуулах тал дээр хичээж ажилладаг учир элчин биднийг дэмжиж ажилладаг. Виз гаралтын хувьд ч харьцангуй өндөр хувьтай байдаг.

 -Та дээр боловсролын байгууллага болохоо онцлон хэлсэн. Монголд болон гадаадын хөгжингүй оронд боловсрол эзэмшихийн ялгааг хүн бүр өөрийн туршлагадаа тулгуурлан тайлбарладаг. Таны зүгээс энэ ялгааг хэрхэн тодорхойлдог вэ?

– Монгол соёл, ахуй гэдэг өөрөө маш том өв арга билгийн ухаан. Энэ соёл, уламжлал Манжийн үеэс хойш нэлээд алдагдсан түүхтэй. Тиймээс Монгол хүн тэр өв ухааныг сэргээн орчин үедээ өвлөн Монголын ахуй, соёлыг эрхэмлэн суралцах нь бидний үүрэг. Үүнийг бид шүүмжлэхээс илүүтэйгээр харин ч илүү сайн судлах хэрэгтэй гэж үздэг. Гэсэн ч манай улсын боловсролын систем доголдолтой байгааг хэн бүхэн мэдэж байгаа.

Хамгийн наад захын жишээг авч үзэхэд өндөр хөгжилтэй оронд хүүхдийг гэдсэнд байхаас нь эхлэн анхаардаг. Хүүхэд төрөхөд тухайн хүүхдийг эрүүл орчинд өсгөх хангалттай хэмжээний байр орон сууц байгаа эсэх, ээж аав нь эцэг эх болоход бэлтгэгдсэн сургалт авсан эсэх зэрэг нарийн төлөвлөгөөтэй явдаг. Тэр улсын бодлого нь тухайн хүүхэд тэр оронд юу хийж бүтээж чадах, ямар өгөгдөлтэй хүүхэд болохыг нь судалж түүн дээр нь хэрхэн дэмжиж, чиглүүлэх тал дээр анхаардаг. Гэтэл Монголд энэ бүхэн байгаа юу гэвэл эргэлзээтэй.

Үүний дараагаар хоёроос дээш настай хүүхэд цэцэрлэгт явж эхэлнэ. Гаднын цэцэрлэгүүдэд 10 хүрэхгүй хүүхдэд гурван багштай байна. Багш нар маш сайн тулж ажилладаг. Дээрээс нь эцэг, эхийн оролцоо өндөр. Хүүхдийг таван нас хүртэл нь орчлон ертөнцтэй танилцуулах хичээл ордог. Маш олон мэргэжил танин мэдэхүйн танилцуулах үйл ажиллагааг хүүхдэд хангалттай хэмжээнд таниулж  харуулдаг. Тухайлбал нэг сарын турш эмчийн өдөрлөг болгох зэрэг тэр дундаас хүүхэд өөрийн сонирхлыг нээх олон үйл ажиллагаануудад эцэг эх, багш нартайгаа оролцож байдаг. Долоон настай хүүхэд өөрийгөө олох, мэргэжлийн чиг баримжаатай болдог. Дараа нь хүүхэд дунд сургуульд ороод тухайн мэргэжлийнхээ чиглэлээр нарийвчлан судалдаг. Өөрөөр хэлбэл 13 настайдаа л мэргэжлээ сонгоод, элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авахаар төлөвлөгөөтэй бэлдэж эхэлдэг. Энэ хөтөлбөрөөрөө 18 нас хүртлээ сураад элсэлтийн шалгалтаа өндөр оноотой өгөөд их, дээд сургуульд ороход тухайн сургууль нь төслийн хэмжээнд ажиллуулж дадлагажуулан, тухайн салбарт ажиллах харилцаа холбоог үүсгэж цалинтай дадлага хийлгэдэг. Түүний араас оюутан сургуулиа төгсөөд тухайн салбартаа өөрийн гэсэн компаниа байгуулаад гарах нь ч олон байна. Гэтэл Монголд 12 дугаар ангийн хүүхдүүдээс мэргэжлээ сонгосон эсэхийг нь асуухад тун цөөхөн хүүхэд гараа итгэлтэй өргөдөг. Манай хөтөлбөрт хамрагдаад ирсэн хүүхдүүд энэ ялгааг маш сайн ойлгож, биеэрээ мэдрээд ирдэг. Гадаадад хог ачиж яваа хүн хүртэл ажлаа хийхдээ аз жаргалтай байдаг гэтэл Монголд ямар байдаг билээ гэх зэргээр тэр ялгааг ярьж, олж хардаг.

-Тэгвэл өөр боловсролын системээр суралцсан Монгол оюутнууд АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд элсэн орон хөгжингүй улсын залууст чирэгдэх тохиолдол хэр байдаг бол? Би хувьдаа монголчуудыг дасан зохицох чадвар сайтай гэж боддог.

-Ялгаа их гардаг. Бид газар дээр нь ажиллаж байгаа хүмүүсийн хувьд монголчуудыг дасан зохицох чадвар тийм ч өндөр гэж хэлэхгүй. Монголдоо зөвхөн математикдаа сайн гээд багаасаа дагнасан хүүхэд тухайн топ гадаадын их дээд сургуулийн оноонд тэнцээд явсан ч очоод тэр том өрсөлдөөний нийгэмд дасан зохицож, өрсөлдөж чадалгүй шахагдаад ирдэг эсвэл дундаас нь орхих тохиолдол олон бий. Гадаадад хүүхдийн өөрийгөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар өндөр, оюутнууд өрсөлдөх чадвар сайтай захын сурагч 3 гадаад хэлтэй байх жишээтэй. Монгол оюутнууд энэ тал дээр өрөөсгөл байх нь их. Гэхдээ мэдээж богино хугацаанд тэр бүх зөрүүтэй ялгаатай байдлыг таниж, өөрийнхөө хичээл зүтгэлээр тэмцэж чаддаг самбаатай оюутан сурагч ч бий. Ер нь гадаадын их, дээд сургуульд явсан хүүхдүүдийн 45-50 хувь л тууштай суралцаж амжилт гаргаж чаддаг.

-Тэгвэл тэр 45-50 хувийн талаар яриагаа үргэлжлүүлье. Гаднын оронд орчинд нь амжилттай суралцаад ирсэн оюутан залуус Монголд эргээд ирэхэд ямар өөрчлөлт гарсан байдаг вэ? Үр дүнгийн хувьд?

– Маш зөв, том зорилготой Монгол Улсаа гэсэн сэтгэлтэй хүмүүс л тэндээс цойлж гарч ирдэг. Гадаадад сатаарах зүйл их. Сурахаар яваад сургуулиа орхиод ажил хийж мөнгөний төлөө өнөө маргаашаа аргацааж байгаа хүмүүс маш олон. Гэтэл энэ бүхний ард гараад ирсэн хүн Монголдоо ирээд олон зүйлийн ялгааг харсан учраас юм хийж чаддаг. Тэр оюутан маш олон зүйлсийг ажиглаж, давуу сул талыг нь харж чаддаг болсон байдаг. Тиймээс энд ирээд хэзээ ч газардахааргүйгээр өөрийнхөө хийж чадах зүйлийг тултал нь хийгээд санхүүгийн эрх чөлөөнд хүрч чаддаг. Бидний зүгээс бол тэр бүхэнд дэмжлэг болох л зорилготой. Соёлын солилцоогоор гурван сар ч бай, нэг сарын хугацаатай ч бай яваад ирсэн хүүхдийн сэтгэлгээ өөрчлөгдсөн байдаг. Харц нь хүртэл гялалзаад, өөртөө итгэлтэй болсон байдаг. Эргэж ирээд илүү том зорилго тавиад, түүн рүүгээ тэмүүлдэг. Яваад ирсэн хүүхэд бүр маш аз жаргалтайгаар бидэнтэй эргээд уулздаг, мөрөөдлөө илүү өндөр түвшинд тавиад ирдэг. Цаашид илүү олон Монгол хүүхэд, залуус манай олон улсын соёлын солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдаж мэдлэг ур чадвар, мөрөөдлөө илүү том болгож, түүндээ хүрч аз жаргалтай сайхан амьдраасай л гэж хүсдэг.

-Ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Таны ярилцлагыг уншаад танай байгууллагад хандах хүсэлтэй хүмүүс хэрхэн холбогдох боломжтой вэ?

-Биднийг ярилцлагадаа урьж оролцуулсанд баярлалаа. Байгууллага маань Багшийн дээдийн чанх хойно доороо Аз хур номын дэлгүүртэй улаан тоосгон 5 давхар барилгын 3-р давхарт байрлаж байгаа. Манай оффисын утас бол 70118020, гар утас 99193314, 95098020 гэсэн дугаарууд ажиллаж байгаа. Фэйсбүүкээр https://www.facebook.com/EdExMN эсвэл Боловсрол солилцоо гэж хайвал манай пэйжтэй холбогдох боломжтой. 

Веб сайт: https://edex.edu.mn/

Холбоотой мэдээ