Товчхон
               

Тойм: Парламентын 7 хоног /1 сарын 4-10/

               
2022-01-10 0

2022.01.04 Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулав. Ингээд “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Дараа нь Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, Ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг байгуулав.

2022.01.04 Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилт болон “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх мэдээлэл сонслоо.

2022.01.04 УИХ-ын гишүүн Ц.Туваанаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

2022.01.06 УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааны эхэнд “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Үргэлжлүүлэн Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн хэлэлцэж дэмжсэн. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн саналыг нэгтгэх шаардлага үүссэн учир хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

2022.01.06 УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Мөн хуралдаанаар “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонслоо.

2022.01.07 Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2022.01.07 Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол Төрийн ордонд болов.

2022.01.07 Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар” Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Холбоотой мэдээ