Дундговь аймаг: Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал зохион байгуулав

               
2022-04-12 0

Дундговь аймгийн Говь-Угтаал сум Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг анх удаа зохион байгууллаа.

Улаанбаатарын 26 аялагч автобусаар ирж, малчдын ахуй амьдралтай танилцан, Их газрын чулуу байгалийн үзэсгэлэнт газраар аялж, сумын төвөөр зочлон “Говь-Угтаалд үйлдвэрлэв” дэлгүүрт саатан худалдан авалт хийжээ.

Аялагчид тус сумын 2 дугаар багийн  малчин Д.Түвшинбаярынд зочилж, өдрийн хоол, шинэхэн уураг амтлан, төллөсөн бог мал, хурга ишиг, тэмээтэй зургаа татуулж, 1 дүгээр багийн малчин Д.Таванжингийнд очиж, “тэнгэр шинжих” зан үйлийн тухай хөөрөлдөж, малч удмын тэнгэр хангайгаа урьдчилан шинжих  арга ухааныг шимтэн сонсож халуун дулаан яриа өрнүүлжээ.

Мөн 1 дүгээр багийн малчин Ч.Чулуунсүхийнд хонож, маргааш нь байгалийн үзэсгэлэнт газар Их газрын чулуунд явган аялал хийж, түүхэн дурсгалт болон байгалийн өвөрмөц тогтцыг үзэж сонирхон, хээрийн хоол цай идэж, амралтаа үр өгөөжтэй өнгөрүүлсэн байна.

Буцахдаа сумын төвөөр зочилж, сумын хөгжилтэй танилцахын зэрэгцээ “Говь-Угтаалд үйлдвэрлэв” дэлгүүрээр орж, орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйл худалдан авч, 1,5 сая төгрөгийн орлого оруулсанд нутгийн иргэд талархалтай байна.

Ийнхүү монгол ахуй, ёс заншил, малчин ардын аж амьдралыг хотын иргэд, хүүхэд залуучуудад мэдрүүлж, энэ хэмжээгээр малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий Аялал жуулчлалыг тус сум санаачлан эхлүүллээ.

Аялагчид зочилсон айлдаа 40 литрийн бетон, хөнгөн цагаан шанага, хүнсний зүйл бэлэглэж, малчдад хуванцар савнаас татгалзан хүнсний зориулалттай сав суулга ашиглах хэрэгцээтэй гэдгийг ойлгуулсан нь энэхүү аяллын нэг онцлог байв.

Одоогоор мэдээлэл түгээх, аялагчдаа бүртгэх, зохион байгуулалтад оруулах гэх мэт нэгдсэн тогтолцоог бүрдүүлж арай амжаагүй байгаа ч цаашдаа зохион байгуулалтаа сайжруулж, хөгжүүлнэ гэдгээ сумын Засаг дарга Ө.Мөнх-Амгалан онцоллоо.

Аялагчдын зүгээс “Үнэхээр үзэсгэлэн төгөлдөр гайхалтай сайхан байгаль дэлхий, эелдэг найрсаг ард түмэн, зочломтгой элэгсүү нутгийн удирдлагатай дурсамж дүүрэн аялал байлаа. Сэтгэл ханамж 100% байсан. Дундговь аймгийн Говь-Угтаал сум Гоё Угтаал болж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. 

Тус сум 4 дүгээр сарын сүүлээр мөн 34 аялагч хүлээж авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ